Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

КАЗАКИЙН ЦАГААН ТОЛГОЙТ ҮҮЛДРИЙН ҮХЭР СҮРЭГ ҮРЖҮҮЛДЭГ Д. АЛТАНСҮХИЙН ГЭР БҮЛ "УЛСЫН АВАРГА ФЕРМЕР"-ЭЭР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 462
Д.Алтансүх нь 1974 онд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрж , Сант сумын 10-н жилийн дунд сургуулийн 8-р ангийг 1990 онд төгсөн , 1991 оноос мал аж ахуй дээр гаран одоог хүртэл тасралтгүй 30 жил амжилттай ажиллаж байгаа билээ.
Д.Алтансүх нь анх малчин болоод Сэлэнгэ нутгийн бахархал болсон Казакын Цагаан Толгойт үүлдрийн үхэр сүргийг маллан малчин болох гараагаа эхэлсэн . Тухайн үедээ “Эх Баялаг” ХХК –ны КЦТ үүлдрийн үхрийн 1-р ангийн суурь, өөрийн хувьчлалаар авсан нэг унагатай гүү, нэг морь, нэг даага, нэг гунж, эр төлөг 5, охин төлөг 5 –ийг маллаж ашиг шимийг нэмэгдүүлэн, тоо толгойг нь өсгөсөн ажилч хичээнгүй залуу малчин юм.
Д.Алтансүхийн гэр бүл 2000 онд хувьчлалаар авсан малаа , компаниас шагналд өгсөн долоон охин бяруугаа өсгөн 35 үхэр, 370 хонь, 16 ямаатай болж “Эх Баялаг” ХХК –ны малыг бүрэн бүтэн хүлээлгэн өгч ардын аж ахуйтан болсон юм. Энэ цагаас хойш уйгагүй хөдөлмөрийн ачаар 60 –д адуу, 130 гаруй үхэр, 1000 -н богтой болтол малаа өсгөн хүү Амармөнхдөө 58 адуу, 74 үхэр таслан өгч 2021 онд жилийн эцсийн байдлаар 1477 толгой мал тоолуулсанаас үхэр 94, адуу 54, хонь 1099, ямаа 230 толгой мал байгаагийн 94 үхэр нь КЦТ үүлдрийн үхэр юм.
Зах зээлийн харилцаанд шилжсэн нийгмийн шилжилтийн хүнд хэцүү жилүүдэд мал үржлийн бодлого алдагдаж, малчдын шилжилт хөдөлгөөн ихсэн КЦТ үүлдрийн үхэр хувьчлагдан тоо толгой цөөрч, үүлдэрлэг байдал нь алдагдаж явсан үед ч Д.Алтансүх КЦТ үүлдрийн үхрийг үржүүлж үүлдэрлэг байдлыг нь хадгалан хамгаалсаар ирсэн гавъяатай малчин билээ.
2010 оноос “Монгол мал” хөтөлбөр хэрэгжиж эхлэн үржлийн бодлогоор КЦТ үүлдрийн үхрийн тоо толгойг өсгөх, чанар сайжруулах ажил эрчимтэй хийгдэж Д.Алтансүх, П.Норолхоо нар бусад малчдаа үлгэрлэн , мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж КЦТ үүлдрийн үхрийн Цөм сүргийг үржүүлж Үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан борлуулж эхэлсэн юм.
Д.Алтансүхийн гэр бүл үхэр сүргийн чанараа сайжруулахын зэрэгцээ бэлчээрээ талхагдлаас хамгаалан сэлгээгээр ашиглах, алсын отор нүүдэл хийж малдаа тарга хүч сайн авахуулахаас гадна өвс тэжээлийн хүрэлцэхүйц нөөц бүрдүүлэх , малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж эрүүл, чанартай сүрэгтэй болсны үр дүнд малаа төлөөр нь өсгөж 2008 онд “ Мянгат “малчин болсон билээ
Малчин Д.Алтансүхийн гэр бүл ашиглалтгүй байсан Ар Сэвд могойн алсын бэлчээрийг ашиглан зун намрын отор хийж малдаа тарга хүч авхуулдаг туршлагатай малчин юм. Ойр орчмын малчдыг нэгтгэн “Таван-Эрдэнэ” малчдын бүлэг байгуулан бүлгийн ахлагчаар үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрээр сүүлийн 3 жилд оны эхний хээлтэгчээс 100 хувь төл бойжуулж малын зүй бусын хорогдол гаргахгүй онд бүрэн оруулж нэг малаас амьдын жингээр оны эхний үхрээс дунджаар 450 кг, гулуузаар 220 кг мах үйлдвэрлэж байна.
Малын ашиг шим дээшилж таваарлаг чанар сайжирснаар жилдээ нядалгааны жингээр 8-9 тн мах , 20- толгой үржлийн өсвөр мал зах зээлд борлуулж 120 сая төгрөгний орлого олж амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн зэрэгцээ хуримтлагдсан орлогоороо малын хашаа, хороо барих, засаж сэлбэх, өвөлжөөндөө 10*8 хэмжээтэй байшин, 4*3 граж барьж тохижуулан, хадлангийн бага оворын трактор техник хэрэгсэл худалдан авах, өндөр ашиг шимтэй хээлтүүлэгчээр сүргээ сэлбэхэд 20-оод сая төгрөгийг зарцуулдаг.
Хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулахад хувь нэмэрээ оруулж байнгын ажлын байр 2 гарган ,туслах малчин ажиллуулж, төл хүлээн авах, хонь хяргах, ямаа самнах, хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо засаж, сэлбэх, хөрзөн гаргах зэрэг цаг үеийн ажилд сумын төвийн ажилгүй иргэдээс 5-10 хүнийг түр ажлын байраар ханган ажлын хөлс урамшуулалд 10-12 сая төгрөгийг олгож байна.
Сумын ХАА-н тасгаас зохион байгуулсан сургалт семинарт идэвхитэй оролцож мэдлэг чадвараа байнга дээшлүүлж , түүнийгээ ажил амьдралдаа хэрэгжүүлэн ажиллаж сум, орон нутгийн малчид, иргэддээ үлгэр дууриалал болж байгаа манай сумын шилдэг фермерийн нэг билээ.
Д.Алтансүхийн гэр бүл малаа эдийн засгийн эргэлтэнд оруулсан орлого болон бусад орлогоороо тохилог орон сууц өвөлжөөн дээрээ барьсан нь бусад малчдад, хөдөөд төв суурин газрынхантай ижил тохилог, тав тухтай амьдарч болохын жишээг орон нутагтаа харуулсан сайхан туршлага болж байна.
Д.Алтансүхийн хөдөлмөрч, малч хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажилладаг болохыг доорхи материалаас харж болно . Үүнд: 1996 ОНД “Эх Баялаг” ХХК аварга малчин, 1997 онд “Эх Баялаг” ХХК хошой аварга, 1999 онд Монголын Залуучуудын холбооны тэргүүний малчин медалиар, 2008 онд сумын аварга малчин, 2009 онд УЗН –н 70 жилийн ойн медаль, 2011 онд сумын алдарт уяач, 2012 онд Монголын морин спорт уяачдын Холбооны хүндэт тэмдэг, 2017 онд Алтан гадас одон, 2017 онд “Аймгийн Аварга малчин” , 2019 онд “Аймгийн алдарт уяач”, 2019 онд “Алтан төлийн эзэн”зэрэг шагналуудыг хүртэн хөдөлмөрөө үнэлүүлсэн. Тэрээр цөөн малтай малчин болон малгүй иргэдийг малжуулахад санаачилга гарган ажиллаж туслах малчиддаа 100 эх мал хариуцуулан өгч, бойжуулсан төлийн 20 хувиар урамшуулахаар гэрээ байгуулан ажилладаг нь залуу малчдад урам өгч малчин болох залуусыг хөдөлмөрөөр нь дамжуулан малч арга барилд сургахад үр дүнгээ өгч байна. Алтансүхийн гэр бүл туслах малчин, гарын шавь, гэрээт малчидаа малжуулахаас гадна амьдралд нь дэмжлэг туслалцаа шаардлагатай залуу гэр бүлүүдийг малжуулах ажил жил бүр зохион байгуулж малчин П.Болдод 2 охин бяруу, 25 хонь ,5 ямаа , М.Ариунцэцэгт 5 хонь, Б.Жанцандоржид 5 хонь, Ж.Даваадоржид 40 хонь, 10 ямаа, Б.Баярсүрэнд 10 ямаа тус тус өгч тусласан байна.
Мөн нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэрээ оруулж сумынхаа ЕБС, СӨББ, ЭМТ-ийн хүнсний хэрэгцээнд тус бүр 2 бог мал, Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн албанд нэг агт хандивласан.
Д.Алтансүх нь мал маллах арга туршлагаа залуу малчдад зааж сурган Ж.Даваадорж, П.Болд, Г.Уртнасан нарыг туслах малчнаар аван малжуулсан бөгөөд шавь Ж.Даваадорж бие даан малчин болж 20 үхэр 300 –аад бог малтай болоод байна. Сэлэнгэ аймгийн Улаан Загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин жил бүр 2 хонь өгдөг нигүүлсэнгүй үйлстэн юм.
Д.Алтансүх малаа эрсдлээс хамгаалах арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлэн малаа даатгалд хамруулах, нэг хонин толгойд 67,7 кг өвс бэлтгэж, өнгөрсөн өвөл цаг агаарын байдлыг тандан дүгнэлт хийж хүнд өвлийг гарз хохиролгүй даван туулсан шилдэг малчин юм.
Жил бүр мал үржлийн мэргэжлийн байгууллага “Төгс ген” хоршооны мэргэжилтнээр мал сүрэгтээ ангилалт хийлгэн цөм сүргээс бойжуулсан өсвөр хээлтүүлэгчийг үзлэгт оруулж шаардлага хангасан малыг үржилд борлуулж байна. Жилд дунджаар 15-20 толгой өсвөр хээлтүүлэгчийг үржилд борлуулдаг.
Сүрэгт эзлэх хээлтэгчийн хувь үхэрт 40-48 хувь байлгаж, КЦТ үүлдрийн үхрийг тэргүүлэх чиглэлээ болгон өсгөх бодлого барин ажиллаж байна. "Улсын аварга фермер"-ээр шалгарч олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэн Д.Алтансүх, түүний гэргий П.Норолхоо нарт баяр хүргээд мал сүргээ чанаржуулах үйлсэд нь арвин амжилтыг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ