Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЮУШИЙН ТӨМӨРБААТАР, ГЭНДЭНГИЙН ЧИМГЭЭ НАР ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ НАСААРАА АЖИЛЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 384
А.Төмөрбаатар 1957 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Артойлбо хэмээх газар төрсөн. Багаасаа техникийн  сонирхолтой байсан авьяасаараа  ЦТСАА-н Энхтал тасагт 1973 онд тракторчин болсноор  газар тариалангийн үйлдвэрлэлд тогтмол ажиллаж ирлээ. 1976-1981 онд Хадлан бригадад ажиллаж байх хугацаандаа ЮМЗ-6 трактороор  норм төлөвлөгөөгөө тогтмол биелүүлэн ажилласнаар 1977 онд “Сумын аварга хадланч”, 1978 онд “Сэлэнгэ аймгийн аварга хадуурчин”, 1981 онд “Улсын аварга хадлангийн салааны хамт олон”-оор  шалгарч байсан.
        
1985 онд Улаанбаатар хотын ХААИС-ийн дэргэдэх ХАА-н байнгын  курст  суралцаж тохируулагч мастерийн мэргэжил эзэмшин ЦТСАА-н Энхтал тасгийн механикчаар ажиллаж байгаад 1987 онд Энхтал САА байгуулагдахад 1990 он хүртэл ХАА-н механикаар,  1990 оноос үр тарианы  10-р салааны бригадын даргаар ажиллаж 637 га газарт үр тариа тарьж га-гаас 23 цн ургац хураан авч “Сумын аварга салаа” болж байлаа. 1991-1997 онд Арвинбугат ХХК-д ХАА-н механик, 1997 оноос Дэлгэрбугат ХХК-ийн шинээр байгуулан 340 га-д улаанбуудай тариалан  га-гаас 17 цн ургац хураан авч сумын 2 удаагийн аварга ААН-ээр шалгарч байв.
   
     
   
 
 ХАА-н үйлдвэрлэлд  үр бүтээл гарган ажиллаж байсныг үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын Хувьсгалын 70,80,90 жилийн ойн медаль, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байжээ.
     Эхнэр Чимгээтэй гэр бүл болж 3 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. Эхнэр Гэндэнгийн Чимгээ 1982 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХААТехникумыг төгсөж ирээд ЦТСАА-н Энхтал тасагт агротехникчээр 1987 он хүртэл ажилласан. 1983 онд тасгийн үтрэм 29000 тн ургац хүлээн авч “Улсын аварга үтрэм” болж байжээ. 1987-1991 онд  Энхтал САА-н үтрэмийн эрхлэгч, агротехникч зэрэг ажлуудыг хийж байгаад 1991-1997 онд Арвинбугат ХХК-ийн аротехникч хийн үтрэмийг хариуцаж байсан. 1997-2000 онд Дэлгэрбугат ХХК-д  агротехникч няраваар, 2007 оноос сумын ЗДТГ-т өрхийн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнгээр ажиллаж байлаа. Одоо хувиараа төмс, хүнсний ногоо,ижимс жимсгэнэ тариалж байна. ХАА-н үйлдвэрлэлд ажиллаж байсныг нь үнэлэн “Хүнс Хөдөө аж ахуйн тэргүүний  ажилтан” , ХХААЯамны Жуух бичгээр шагнадаж байв. 
Том хүү Ариунбүрд ХААИС-ийг агроноимч мэргэжлээр төгссөн. Дархан хотод “Цээнэ” эмнэлэгт менежер хийдэг. Охин Болормаа АУДуС-ийг уламжлалт эмчилгээгээр төгсөж Улаанбаатар хотод хувиараа гоо сайхан, бариа засал ажиллуулдаг. Бага хүү Оюунбаатар хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Мөн 3 дүүгээ ажил амьдралтай залгуулсан. Дүү Энхзул “Өгөөж Мандал Уул” ХХК-д тогооч, дүү Төмөртулга хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Дүү Мөнгөнсар АУДуС-ийг эм зүйч мэргэжлээр төгсөөд Улаанбаатар хотод амьдарч  байна.
   А.Төмөрбаатарын дурсамжаас:  Манай засварын газар 
Энхтал тасгийн 25 тракторын засварын газрыг 1975 онд Дарханы цэргийн ангийн барилгачид барьсан. Бид САА болохын өмнө тасгийн бүх техникийг энд засварладаг байлаа. Токарьчин Д.Мөнхнасан, Н.Жаргалсайхан нар дархан Гунаажав гуай, Насан-Урт, Арвага нар дархан хийж байлаа. Ингээд 1987 онд Энхтал САА  шинээр байгуулагдахад Номгон САА-гаас  О.Бат-очирыг ерөнхий инженерээр, Сант сумын ТМС-ээс С.Гомбыг засварын инженерээр,Шаамараас Д.Наранхүүг инженерээр тус тус авчирч ажиллуулсан. Би мастер тохируулагч хийж Улаанбаатар хотоос  1988 оны хавар ГАЗ 53 автомашинавчирч техникийн үйлчилгээнд ашигласан. Бид шинэ бүтэц бүрэлдхүүнээ нилээд өргөтгөж Сэлбэгийн складаа шинээр барьсан. Нарядчин Буяндэлгэр, нярав Сарантуяа, аккумляторчин Отгонжаргал, үйлчлэгч Г.Цэрмаа, засварын газрын тогооч Хэнзээ нар анх ажиллаж байсан.  1988 онд Алтанбулагийн  техниккум төгсөн Б.Лхагвадорж, Б.Пүрэвсүрэн нар механикаар ирсэн. Арсүүжийн бригад манайд шилжихэд Энхсайхан гэдэг залуу механикаар ирсэн.  Гагнуурчин ЦэндбаатарГ.Батжаргал нар ажиллаж байсан. 1988 оны 8-р сард Номгон САА-гаас дархан Намсрай ирж ажиллаад тухайн үедээ комбайн тракторын хуучин хөнгөн цагааннилээд олон төрлийн эд ангийг шинээр хийж байсан.  Бидэнтэй хамтран ажиллаж байсан засварын инженер С.Ганболд бол хариуцсан ажлаа сайн хийхийн зэрэгцээ шатар тоглодог. Сагс, волейбол тоглож цанаар явдаг, алиа хошин зантай сайхан хүн байсан даа. Манай суманд инженер Уламбаяр ирээд САА тарах хүртэл ажилласан. Бид САА-н хаврын тариалалт, намрын ургац хураалтын үед 24 цагийн жижүүр  гарган энд цай хоолоо хийж иддэг  байсан.. Техник тоног төхөөрөмжтэй холбоотой ажлыг манай хамт олон хийдэг байсан нь бахархууштай. Тэр үеийн цаг үеийг 30 жилийн дараа одоо эргэн дурсахад сайхан байна даа”
  
 
Мэдээлэл бэлтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөржаргал
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ