Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Д.ОЮУН: АТРЫН АНХНЫ ШАН ТАТАХ ТРАКТОРЫН ЦУВААНД ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ХАЖУУД СУУГААД НЭГ ИХ БАЯР ХӨӨРТЭЙ ЯВЖ БАЙЛАА БИ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 810

                            /Даш, Рэнцэнханд нарын охин ахмад багш Д.Оюуны дурсамжаас/

Миний аав 1913 онд Буриад улсын Чагтайд төрсөн. 1920 онд буюу 7 настайдаа эцэг эхийн хамт Монгод ирж суурьшжээ. 1954 онд  Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д илгээлтээр ирж “Үнээний суурь”-ийн ахлагчаар ажиллаж байгаад 1959 онд Шаамарын сургууль комбинатыг төгсчээ. 1959 оны хавар атар газрын анхны шан татаж явсан ууган тариаланчдын нэг байлаа.

       1959 онд биднийг ирэхэд шувуунаас өөр амьтангүй битүү цастай цагаан тал угтаж байлаа. Аав ээж бид 3 гэрээ бариад урд талд нь бригадын гэр барих талбайн цасыг цэвэрлэж байснаа тод санаж байна. Бүгд л бүх ажлаа хамтарч хийдэг бие биедээ дэм өгдөг сайхан хүмүүс байсан даа.

       Хавар атар хагалахад  анхны шан татах тракторын цуваанд аав, ээжийнхээ хажууд суугаад нэг их баяр хөөртэй явж байлаа би.

      Аав минь миний ээж Д.Рэнцэнхандтай ханилан 3 сайхан хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. 1973 онд тэтгэвэрт гартлаа Цагаантолгойн САА-н Энхталын тасагт тракторч, дизельчин, хадланчин зэрэг ажлуудыг хийж байгаад 1982 онд таалал төгссөн. Хань Долгор овогтой Рэнцэнханд нь 1921 онд Дорнод аймгийн Матад суманд төрсөн. 1954 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-н илгээлтээр ирж 1954-1959 он хүртэл Үнээний суурьт саальчин, тоо  бүртгэгч ажлуудыг хийж байгаад 1959 онд Шаамарын сургууль комбинатыг төгсөж ирээд Энхталын хөндийд атрын анхны шан татсан эмэгтэй тракторч байлаа. Хаврын тариалалтанд гартлаа ээж маань бригадын тогооч хийж техникчдйн хувцас хунарыг угааж  бригадын гэр орныг цэвэрлэдэг байлаа.  Дт-54 трактороор газар хагалж МТЗ-5 кабингүй беларуссиар тээвэр хийдэг ажилсаг, эрч хүчтэй, хөдөлмөрч эмэгтэй байсан. 1965 он хүртэл тракторчин хийж байгаад 1976 оноос тэтгэвэрт гартлаа үтрэмийн эрхлэгч, колонкийн эрхлэгч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж улсад нийтдээ 65 жил ажилласан. 1991 онд өвчний улмаас таалал төгссөн. Монгол бичгээр сумандаа хамгийн сайхан бичдэг, шанз, мандолин хөгжмүүдийг чадварлаг тоглодог, эвлэгхэн дуулдаг авьяаслаг ажилсаг эмэгтэй байлаа. “Атар эзэмшигч” тэмдэг, Ардын хувьсгалын 50,70 жилийн ойн медалиудаар шагнагдсан.

/Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Хушаат сумын иргэн, ахмад тариаланч Бүдийн Нямаагийн 2009 онд Атар газар эзэмшсэний 50 жилийн ойд зориулан бүтээсэн “Дурсамж” номоос/

      “ Гэрээ барьж үрээ гадаа буулгаж харж хандах хоол цай  бэлдэж үйлчилж байсан хүмүүс нь тракторч Найдангийн Даш гуай, тракторч Долгорын Рэнцэнханд гуай нар байсан юм билээ. / Багш Оюуны аав, ээж хоёр/ Энэ сайхан хүмүүс тракторчид байсан бөгөөд хүний өөрийн гэж залуус биднийг алагчлан үздэггүй бид гэр оронгүй хүмүүс учраас цай хоолыг нь идэж уугаад л гэр орон шигээ дураараа аашилж, загнаж зэмлэхэд хүлээн авч хүүхэд нь юм шиг орж гарч байдагсан. Ханд гуай гинжит, дугуйт трактороор хагалж чиргүүл жатка чирж ангилан хадалт хийдэг. Даш гуай дагнан гинжит трактор барьдаг. Ийм л эгэл жирийн ааш зан сайтай ахмад тариаланчид байлаа. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг. Замаг сайтай нууранд шувуу  шувуу болгон цугладаг гэдэг үгийн жинхэнэ эзэд нь тэд байсан юм даа.”

 

Бэлтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөржаргал

2019.11.16

Сүүлд нэмэгдсэн мэдээ