Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЛЭГРЭВИЙН ДОНДОГ: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ 32 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙСНААРАА ӨДИЙ НАСАНДАА БАХАРХАЖ ДУРСАЖ СУУДАГ БИЛЭЭ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1085
ЛЭГРЭВИЙН ДОНДОГ: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ 32 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙСНААРАА ӨДИЙ НАСАНДАА БАХАРХАЖ ДУРСАЖ СУУДАГ БИЛЭЭ.
 
        Ах нь 1950 онд Баян-өлгий аймгийн Сагсай  сумын нутаг Цоохор нуур гэдэг газарт төрсөн. 1964 онд 7-р ангиа төгсөөд сумандаа малчнаар ажиллаж байгаад 1967 онд илгээлтээр Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д 3 жилийн гэрээгээр ирж билээ. 1967 оны  сард САА-н дарга Гармаа бидний 5 айлыг хүлээн авч тушаал гарган Энхтал 3-р тасагт хуваарилснаар  САА-н жолооч Хорлоо гуай, Давга гуай 2 Энхтал руу хүргэж өглөө. Энхталд ирэхэд тасгийн дарга хижээл насны хүн бидний  5 айлыг тосон авч  уулзаад урт цагаан байшинд дагуулан ороод биднийг нилээн урт ширээн дээр суулгаад бидний аав ээжтэй гар барин мэндлээд өөрийгөө 3-р тасгийн дарга Нямбуу гэж танилцуулж билээ. Ингээд хэсэг хугацааны дараа одоо эндээс 35 км явна, тэнд манай сүүн завод бий гэсний дагуу  машиндаа сууцгаан замдаа тасгийн дарга газар нутгийн тухай ярилцаж явсаар модтой өндөр даваан дээр  гараад кабинаа цохиж жолоочдоо хандан зогсоорой гээд Энэ давааг Сэнстэйн даваа гэдэг юм хэмээн тайлбарлав. Ингээд цааш явсаар сүүн завод дээр ирж дарга машинаас буугаад 4 айлыг сүүн завод дээр үлдээгээд манайхыг цааш авч явсаар хэсэг айлууд дээр ирж хамгийн эхний айлын гадаа зогсоод за энд бууна даа энэ газрыг Бумбан дэв гэдэг юм хэмээн хэлээд нөгөө айлаа манай аавд танилцуулав.  Эднийх Лувсанцэрэн гэдэг айл,  биеийн байдал муу байгаа, 2 хоногийн дараа малын зоотехникч эмч Чулуунбат гэдэг хүн ирнэ гээд  нөгөө малчиндаа малаа бэлэн байлга гэж хэлээд яваад өглөө. 1967 оны 6-р сарын 9-нд би малаа хүлээж авч САА-н цэврийн нэмэлт 130 толгой мал хүлээн авч байлаа. 1967 оны намар Х.Хэнзээ бид 2 гэрлэсэн юм. Ингэж 17 насандаа  ажил амьдралын гараагаа эхэлсэн билээ. Миний хань Хэнзээ миний 6 хүүхдийг төрүүлэн алдарт эхийн одон,  Хөдөлмөрийн хүндэт цол тэмдэгтэй, САА-н тэргүүний тогооч, ажилч хичээнгүй, шударга хөдөлмөрч маш нямбай хүн байсан юм. Тасгийн буудлын эрхлэгч, гуанзны тогооч зэрэг зэрэг ажлуудыг нэр төртэйгээр хийж явсан миний сайн хань байсан юм.
            
 Тэр үед анх ирэхэд хамт мал маллаж явсан зарим ахмад хүмүүсийг дурсах нь зөв байхаа. Малын эмч Чулуунбат, малын зоотехникч Чойжамц, тоо бүртгэгч Бямбаа, малчин Чимэд, Дармаа, Нямжав зэрэг хүмүүсийг дурсан санахад сайхан байна. 
       Ингээд өөрийн  алдаа, оноотой туулж өнгөрүүлсэн амьдралаа товчхон дурдах нь зүйтэй болов уу. Амьдралын зам тэр болгон шулуун дандан яваагүй юм шүү.  1969 оны намар  САА-н дарга Гармаа даргын тушаалаар САА-гаас 4 хүн ЗХУ-д трактор комбайнчны  курст явуулахаар шийдвэрлэн Энхталаас би, Цагаантолгойгоос Л.Отгондорж, М.Мөнхбат, Баттөмөр гээд 4 хүүхэд явсан билээ. Бидний 4 хүүхдийг САА-н даргын жолооч Улаанбаатар хотод хүргэн өгч  ХАА-н яаман дээр 1 сар болсны эцэст 11 сарын 20-ны үеэр нийтдээ 80 гаруй хүүхэд явцгаасан билээ. Замдаа 7 хоног явж Омск хотод хүрч  тэндхийн Техник мэргэжлийн сургуульд орсон ба тэнд орос, монгол 300 гаруй хүүхэд суралцаж байсан. 1 группэд 17 хүүхэд суралцаж байсан бөгөөд манай ангийн багшаар Гомбосүрэн гэдэг орчуулагч  багш байсан.  1969 оны 11-р сараас 1970 оны 7 сард хүртэл сурч төгсөөд Энхталд 10 –уулаа ирж байлаа. Эдгээр хүүхдүүдээс дурсахад Баатар, Батчулуун, Ширнэн, Бямбажав, Баасанжав нар энд ажиллаж байсан. 1970 оны 7 сард төгсөж ирэхэд тасгийн дарга Нямбуу гуай, механик С.Лхагвасүрэн, нарядчик  Алтангэрэл зэрэг хүмүүс угтан авч үр тарианы 4-р бригадад хуваарилагдан очиж байлаа. Манай бригадад Эрхэмбаяр, Түмэндэмбэрэл, Батхүү, Баттүвшин, бригадын дарга Сэнгээ нар байлаа.  1974 оноос  Артойлбын бригадад Жигжидсүрэн, Чимэд, Дармаабазар, бригадын дарга Б.Нямаа, тоо бүртгэгч Б.Лхагвадорж нартай 2 жил хамт ажиллаж байгаад Артойлбод тариа тарихгүй гэсэн шийдвэр гарсны дагуу бригад татан буугдаж Хорлоо даргатай үр тарианы Мөнхтолгойн 3-р бригадад, 1978 1983 онуудад шинээр үүсгэн байгуулагдсан Б.Булдууч даргатай  5-р бригадад 1985 он хүртэл ажиллахдаа Цэдэндорж, Наадам, Ганчимэд зэрэг хүмүүстэй хамт тракторч комбайнчнаар ажиллаж байлаа. 
        Дараа нь 1985-1988 онд Энхталын САА-н үр тарианы 2-р бригадад, 1988-1999 онуудад Энхтал ХХК-д тракторч комбайнчнаар ажиллаж байгаад 1999 оны 12 сараас 2005 он хүртэл  сумын дунд сургуулийн жижүүрээр ажиллаж улсад нийтдээ 38 жил, тэр дундаа газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 32 жил ажиллаж байснаараа өдий насандаа бахархан дурсаж суудаг билээ. 
            Энэхүү дурсамждаа өөрийн аав Лэгрэвийн талаар  товчхон дурьдахыг хүслээ. Миний аав Лэгрэв 1905 онд Алтайд төрж бага насандаа эцэг эхээсээ өнчирч  нагац лам ахындаа өсч хүмүүжин шашны ном эрдэмд суралцсан байгаа юм. Лам ахыгаа өнгөрсний дараа 1937 онд Баян-өлгийн Сагсай суманд  миний ээж Дүүрэнтэй  гэр бүл болж  5 хүүхдийн эцэг, эх болцгоосон. Ээж маань нэгдэлд саальчин хийж байсан ба аав маань нэгдэлдээ мал маллаж байлаа. Аав маань нутаг усандаа нэртэй нэр хүндтэй оточ лам гэдгээрээ алдаршсан хүн байсан юмаа.  
 
Шашний судар, тарнийн хүчээр хүүхдүүдийг эмчилж эдгэрүүлдэг байсан гэж нутгийн ардууд ярьдаг байсан. Хушаат суманд ирснийхээ дараа ч олон хүүхдийг тарнийн хүчээр эдгэрүүлж олон хүнд тус болж байсныг эндэхийн хүмүүс одоо ч дурсан ярьсаар байдаг билээ. 
 
 ЛЭГРЭВИЙН ДОНДОГ
2019.11.07
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ