Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Г.ОЧИР : МАНАЙ БРИГАДАД ХЭДЭН САЙХАН ХҮН БАЙСАН. БИД ХЭД МАШ САЙХАН АЖИЛЛАДАГ БАЙЛАА.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1278
Г.ОЧИР : МАНАЙ БРИГАДАД ХЭДЭН САЙХАН ХҮН БАЙСАН.
БИД ХЭД МАШ САЙХАН АЖИЛЛАДАГ БАЙЛАА. 
 
/Хойд овгийн Гүргэнбайн Очирын дурсамж ярианаас.../
2019.10.25
 
       
Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн мэндийг Таван сайхан хантай баян буурал Сэлэнгийн Хушаат нутгийн зон олон та бүхэндээ эрүүл энх, үр хүүхдүүд нь  өнөр өтгөн мал сүрэг нь түм хүрч тариа будаа савнаасаа хальж сайн үйлстэн жилээс жилд төрөн гарахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
 
        Атрын 60 жилийн ойг тохиолдуулан 2-р аянд гар бие оролцож явсан талаараа та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо. Хойд овгийн Гүргэнбайн Очир миний бие нь 1944.08.08-ны өдөр Баян-өлгий  аймгийн Цэнгэл сумын төвд  Хөшөөт гэдэг газар төрж бага насаа хөдөө малчны хотонд өнгөрөөж 1952 онд Цэнгэл сумынхаа бага сургуульд орж суралцаад  1956 онд 4-р ангиа төгсөөд  цаашид суралцах боломжгүй болсон тул аав ээжийн хамт 1962 он хүртэл нэгдэлдээ ажиллан үйлдвэрт туслах нормчин зэрэг ажлуудыг хийж байгаад 1964 онд цэрэгт татагдан Ардын Армийн шинээр байгуулагдсан  Радио Лакаторийн 065-р ангид хуваарилагдан радио-лакаторийн ахлах операторчний мэргэжил эзэмшин Хэнтий аймгийн нисэх буудалд цэргийн алба хаасан. 1967 онд цэргийн албанаас халагдаж нэгдэлдээ  очиж 1969 онд  үеийн залуухан хүүхэн Пальдын Дэлгэртэй амьдралаа холбож байж билээ.
        1975 онд Шаамарын сургууль комбинатын хуваарь ирэхэд мэргэжилтэй болохоор шийдэн трактор  комбайны мэргэжил эзэмшин 1976 онд  МХЗЭ-ийн  Төв хорооны илгээлтээр  Атрын 2-р аянд  илгээлт авч Цагаантолгойн САА-д хуваарилагдаад тэндээсээ  Энхталын 3-р тасгийн 3-р бригадад тракторч комбайнчнаар ажиллах болсон  юм. Тэр үед 16 залуу илгээлтээр ирж байлаа. Зарим хэсгээс дурьдвал Б.Булдууч, Б.Намдаг, С.Маленков, Д.Зэвэг, Теграхан, А.Иван, Халанбай  гэх мэтээр хүмүүс ирж байлаа. Биднийг ирэхэд  тасгийн дарга Нямбуу, механик Лхагвасүрэн нар хүлээн авч байлаа. Механик  Лхагвасүрэн нилээд чанга байрын хүн гэхдээ эрээ цээргүй задгай хүн байлаа. Өөрөө хувцастайгаа тракторт засвар хийлцээд орчихдог сайхан хүн байлаа. Бид хэд маш сайхан ажилладаг байлаа. Манай бригадад хэдэн сайхан хүн байсан. Бригадын дарга Хорлоо, тоо бүртгэгч  Ж.Бямбажав, тракторч Л.Дондог, Д.Гомбо, Л.Баатар, Үдэвээ. Намар нь тариа хураалтаар орос мэргэжилтэнгүүд ирж зөвлөх маягаар ажилладаг байлаа. Тасгийн хүний эмч Б.Батаа, Ш.Мажаасүрэн, сувилагч Рэнченханд, Хишгээ, Чимэдцэрэн, асрагч Түвшинжаргал бидний  эрүүл мэндийн төлөө хамтарч сайхан ажилладаг байсан. Тэр үед хөгжилтэй дурсамжтай явдал их л болдог байж.
 
Бид тракторч Хумааш, Ш.Болд, Б.Батаа бригадын дарга Сэнгээ нартай Артойлбод газар хагалж байтал 1 орой Хумааш гэдэг тракторчний бие муудаад Артойлбоос  75 трактороор хуучин төвд хүргэж ирж байлаа. Тэгэхэд Болдоо :  Хумааш гуайн 1 зүрх нь зогссон  1 зүрх нь цохилж байна гээд бид нарыг инээлгэж байж билээ.  
       Ах нь тэгээд 1990 онд САА тарж жижиг аж ахуйн нэгжүүд болоход Д.Баасанжав захиралтай Эх баялаг ХХК-д ажиллаж байгаад 2004 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан даа. Эх баялаг ХХК-д нярав, тоо бүртгэгч, тракторчин зэрэг ажлуудыг хийж байлаа.
 
      Миний хань П.Дэлгэр бид хоёрт бурханаас 4 хүү, 1 охин заяаж 5 сайхан хүүхдийн аав ээж болж үр хүүхдүүд маань сайн сайхан амьдарцгааж улам өсч үржиж л байна даа.
 
 
 
        Төр засгаас миний хийж бүтээсэн хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн Хүндэт медаль,, Алтан гадас одон, Тусгаар тогтнолын одон, Атрын 50 жилийн ойн медаль болон бусад ойн медалиудаар шагнаж урамшуулсан. 
        Сэлэнгэ сайхан нутгийн нэг хэсэг болсон  Хушаат нутагтаа эрүүл энх, аз жаргалтай амьдарч яваа минь Төр түмэн олны минь буян заяа гэж бодож явдаг юмаа. 
 
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат 1-р багийн иргэн
Хойд овгийн Гүргэнбайн Очир
2019 он
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ