Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээллийг хүргэж байна.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 135
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 52
Төрийн ордон,Улаанбаатар хот
"АЛСЫН ХАРАА-2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-ыг 1 дүгээр хавсралтаар, ""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа"-г 2 дугаар хавсралтаар, ""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин"-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2."Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараагийн үе шатны хүрэх үр дүнтэй нийцүүлэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай:
1/Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх;
2/Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох;
3/Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас баталсан дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэх арга хэмжээг авах;
4/"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 5 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Монгол Улсын Их Хуралд танилцуулах.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/-нд даалгасугай.
5."Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын үр дүнг илэрхийлэх үзүүлэлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд нь агуулгаараа ""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад тусгагдсан тул "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
6.Энэ тогтоолыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД 2021-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  НЭГ.ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ

            Үндэсний бахархал, эв нэгдэл  

            Зорилт 1.1.Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна.

Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

                        1.1.1.Улс, үндэстний эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоороо бахархах үзлийг сэргээж, монголчуудын уламжлалт төрт ёсны үзэл, сургаалыг орчин үед нийцүүлэн хөгжүүлж эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг төлөвшүүлнэ.

                        1.1.2.Монголын түүхэн их удирдагчдын намтар, төрт ёсны уламжлал судлалыг нийтэд түгээх замаар үндэсний бахархлыг бэхжүүлж, Чингис хааны тахилгыг сэргээнэ.

                        1.1.3.Газар усны нэрийг эх байдлаар нь хэрэглэж, өөрөөр нэрлэгдэх болсон нэрүүдийг эх сурвалжид тулгуурлан хуучнаар нь сэргээж, тахилгат уул, ус, газар нутгийн уламжлалт зан үйлийг эх байдлаар нь сэргээнэ.

                        1.1.4.Үндэсний уламжлалт баяр наадам, цагаан сарыг тэмдэглэхдээ үндэсний ижилслийг баталгаажуулах бэлгэдлийн өдрүүд болгон хэвшүүлнэ.

                        1.1.5.Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааны дүрэм, журмыг үндэсний онцлогт нийцүүлэн шинэчилнэ.

                        1.1.6.Үндэсний археологийн хөгжлийг дэмжиж, үнэт зүйлсийг хадгалан, эртний Хархорум хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палеонтологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төвүүд байгуулна.

                        1.1.7.Үндэсний бахархал болсон ном судар, баримтат өвүүдийг нийтэд таниулан сурталчилна.

                        1.1.8.Үндэсний сонгодог урлагийн дэг сургууль буюу заах арга зүйг магадлан итгэмжлүүлж баталгаажуулан монголын үндэсний сонгодог урлаг хэмээн дэлхийд танигдах бүтээлийг дэмжинэ.

                        1.1.9.Монгол Улсад түүх, соёлын өвийг сүйтгэгчидтэй хийх тэмцлийг орон даяар өрнүүлж, хууль сахиулах болон тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлнэ.

                        1.1.10.Үнэ цэн бүхий археологийн дурсгалт газрыг аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үнэлгээ хийж, дурсгалт газруудыг хамгаалж, газрын харилцааны мэдээллийн кадастрын санд бүртгэнэ.

                        1.1.11.Музейн үзмэр, эд өлгийн зүйл, урлагийн бүтээлийг бүртгэлжүүлж, даатгалын үнэлгээгээр үнэлнэ.

                        1.1.12.Археологийн үнэ цэнтэй дурсгалт газрын хамгаалалтын зэрэглэл, ангиллыг шинэчилж, соёлын өв харгалзагч эзэнтэй болгоно.

                        1.1.13.Археологийн дурсгалт газар, шашны үйл явдалд үндэслэсэн үйл ажиллагаа, фестивалийг бий болгож, палеонтологийн үнэт зүйлсийг тусгай сонирхлын үнэ цэнтэй аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно.

                        1.1.14.Дэлхийн болон монгол сонгодог зохиолууд, үндэсний онцлогтой утга зохиолын бүтээлүүдээс бүрдсэн бичил номын сан, гэрийн номын сантай болгох аян өрнүүлж хүүхэд залууст заавал унших ном, сонсох подкаст, үзэх кино, цахим хуудас бий болгоно.

                        1.1.15.Хүн амын нягтаршил, бүс нутгийн онцлогтой уялдуулан соёл урлагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгон, барилга байгууламжийг барьж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

                        1.1.16.Үндэсний бахархал болсон ном судар, баримтат өвүүдийг нийтэд таниулах цуврал бүтээлч үйл ажиллагааг улсын болон хувийн номын сангуудад түшиглэн зохион байгуулна.

                        1.1.17.Үндэсний сонгодог урлагийн дэг сургуулийг баталгаажуулах чиглэлээр уртын дуу, морин хуур, хөөмий, бий биелгээ, цуур зэрэг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлнэ.

                        1.1.18.Сонгодог урлагийн нэн шаардлагатай мэргэжлээр олон улсын нэр хүндтэй сургуульд мэргэжилтэн бэлтгэж, суралцуулна.

                        1.1.19.Соёл урлагийг хүүхэд, залуучууд, бүх нийтэд түгээн дэлгэрүүлэхэд шаардлагатай театр, чуулга, соёлын ордны барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

                        1.1.20.Үндэсний агуулга бүхий урлагийн шинэ урсгал бүтээгч залуу уран бүтээлчдийн санал, санаачилгыг дэмжиж, үндэстний орчин цагийн бүтээлийн өнгө төрхийг тодорхойлно.

            Нүүдлийн соёл иргэншилт монгол  

            Зорилт 1.2.Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно.

            Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

                        1.2.1.“Гэр бүл-монгол соёлын анхдагч орчин” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, “Монгол хүүхэд”, “Монгол гэр бүл”, “Монгол төрийн гэр бүлийн талаарх бодлого” гэсэн гуравласан холбоог үүсгэж, гэр бүлийн гишүүдийн харилцан хүндлэл, ажил үүрэг, түүний дотор эцэг эхийн үүргийн тэгш хуваарь, эх хүүхдийн халамж, хамгааллын үнэт зүйлсэд суурилсан уламжлалт ёсыг хадгална.

                        1.2.2.“Өөрсдийн язгуур соёл, түүний өвөрмөц илрэлийг аяллын бүтээгдэхүүн болгохдоо ойлгомжтой, хүртээмжтэй, өөриймсөг, жинхэнэ мөн чанараар нь хүргэхийг урьтал болгож, түүндээ санхүү, эд материал, хүн хүчний нөөцийг хангалттай зориулж, үндэсний соёлыг гайхан биширч, хүндлэх хандлагыг бий болгох” гэсэн гол өгөөжийг бүтээх, ялангуяа дотоодын жуулчдад үндэсний өв соёл, нүүдлийн ахуйдаа суралцах, түүгээрээ бахархах үзэл төлөвшүүлж, соёлын дархлааг нь дэмжинэ.

                        1.2.3.Боловсролын сургалтын хөтөлбөрт нүүдэлчин ахуй, зан заншил, өв соёлын агуулгыг тусгаж, бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдад үндэсний өв соёл, уламжлалт наадгайн төрлийн мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.

                        1.2.4.Хүүхэд, залуучуудын театр, Хүүхэлдэйн театр, номын сан, кино театр, дугуйлан, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх хүүхдийн хөгжлийн төвүүдийг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмж, номын хөмрөг, хувцас хэрэглэлээр хангана. Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

                        1.2.5.Үндэсний ижилсэл, соёлын дархлаатай монгол хүнийг бэлтгэхэд чиглэсэн өв соёлын өргөө, соёлын төвүүд, үндэсний спортын дугуйлангуудын үйл ажиллагааг дэмжиж, соёлын биет бус өв, язгуур урлагийн шавь сургалтыг бий болгосон бүлэг, хамт олон, өвлөн уламжлагчдыг дэмжиж урамшуулах тогтолцоог бий болгоно.

                        1.2.6.Улс орон даяар үнэт зүйлс, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр гарсан судалгааны үр дүнгээр зорилтот нэвтрүүлгийн эзлэх хувийг нэмэгдүүлж, үндэсний хэмжээний цуврал лекц, ярилцлага зохион байгуулагчдыг төрөөс дэмжинэ.

                        1.2.7.“Дэлхийн нүүдлийн соёл, иргэншлийн голомт” байгууллагыг байгуулж, дэлхийн нүүдэлчдийн төв болох цогц хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

                        1.2.8.“Нүүдлийн соёл иргэншлийн үндэсний хүрээлэн”-г бүс нутгийн онцлогт тохируулан байгуулах буюу Говийн бүсэд палеонтологийн задгай музей, Хангайн бүсэд археологийн хотууд (Хүннүгийн язгууртны, буган хөшөөний цогцолбор, Өглөгчийн хэрэм, Аваргын балгас гэх мэт), Хөвсгөл, Тайгын бүсэд цаатны отог, дархад бөөгийн отог, Даян дээрхийн агуйн цогцолбор, Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн өв соёлын онцлогтой “Нүүдэлчин” олон улсын түвшний кино үйлдвэрлэлийн төвийг тус тус байгуулах ба тэдгээрийг дагасан аялал, жуулчлалын хөтөлбөрүүд бий болгож хөгжүүлнэ.

                        1.2.9.Улаанбаатар хотын хурдны тойрог замын дагуу “Соёл, урлагийн цогцолбор”, Монгол багт бүжгэн жүжгийн театр байгуулах, энэ төрлийн бүжгэн жүжгийн цомнол, бүтээлүүд бий болгох, урлагийн сургалт, уран бүтээлийг үндэсний өв, соёлд түшиглэн орчин цагийн бүтээл хөгжүүлэх, судалгааны инкубатор төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан байгуулж, үйл ажиллагааг нь дэмжинэ.

                        1.2.10.Соёлын үйлдвэрлэл, бүтээлч аялал жуулчлалыг монголын нүүдлийн соёлын онцлогт тохируулан нутагшуулж, үндэсний загвартай болох, үндэсний үнэт зүйлийг бүтээх, хадгалах, хамгаалах, аялал жуулчлалын эргэлтэд оруулахад зориулсан мэдээллийн систем, цахим технологи нэвтрүүлнэ.

            Монгол хэл, бичиг  

            Зорилт 1.3.Монгол хэл, бичгээ үндэсний үнэт зүйлийн бүрдэл болгон иргэн бүр чанартай эзэмшиж хэрэглэж хэвшинэ.

            Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

                        1.3.1.Дэлхийн шинжлэх ухаан, техник, технологийн нэршил, нэр томьёог монгол хэлэнд нутагшуулан баяжуулах, мэдлэг шингэсэн монгол хэлний үгсийн санг бий болгох ажлыг тогтмолжуулж, хялбаршуулсан болон шинжлэх ухааны салбар бүрийн мэргэжлийн нэр томьёоны толь боловсруулан, цахим хэлбэрээр түгээж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлнэ.

                        1.3.2.Монгол хэл, бичгийн хэрэглээнд учирч байгаа бүх төрлийн алдаа, гажуудлыг арилгах, хүн бүр эх хэл, соёлоо дээдэлж зөв бичиж хэрэглэж хэвших, байгууллага, хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд монгол хэл, бичгээр зөв бичсэн мэдээ, мэдээлэл нийтэлдэг болгон хэвшүүлнэ.

                        1.3.3.Төрийн болон албан хэрэг хөтлөлтийн монгол хэл, бичигт тавигдах шалгуур үзүүлэлтийг өндөрсгөж, төрийн албан хаагчаас монгол хэлний шалгалт авч, шалгуур хангасан байх шаардлага тавина.

                        1.3.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагын нэр хаягийг монгол бичиг, кирилл бичгээр бичих асуудлыг журамлаж, стандарт мөрдүүлэн нийгмийн соёлыг дээшлүүлнэ.

                        1.3.5.Нутгийн хэл, соёл, аман аялгууг хадгалах, хамгаалах чиглэлд бүтээлч хөтөлбөрүүд хэрэгжүүлж монгол хэл, бичгийг гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлж байгаа байгууллага, багш, суралцагчдыг урамшуулж дэмжинэ.

                        1.3.6.Гадаадын иргэдэд монгол хэл заах сургууль, тэнхимийг нэмэгдүүлж, зуны сургалтыг дэмжинэ.

                        1.3.7.Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, ялангуяа хүүхэд багачуудад монгол хэл, бичиг сурах эх, хэрэглэгдэхүүн бүтээж түгээн, монгол хэлээ олон улсад сурталчилж, монгол хэлээр ярилцагч гадаадын иргэдийг алдаршуулна.

                        1.3.8.Үндэсний монгол бичгийн хэрэглээг өргөжүүлж, “Монгол бичиг”-ээр хэвлэгддэг ном, сонин, сэтгүүл, цахим орчин дахь хэрэглээг дэмжинэ.

                        1.3.9.Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахын тулд төрийн захиргааны байгууллагуудад эх зохиогчийн орон тоо бий болгож, кирилл, монгол үсгийн хөрвөх программыг ажиллуулах бэлтгэл хангана.

                        1.3.10.“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлнэ.

              Эрдэм судлал-нийгмийн соён гэгээрэл  

            Зорилт 1.4.Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон нүүдлийн соёл иргэншил, Монголын түүх, хэл соёл, ёс заншил, шашин, гүн ухааны судалгаа хийж, нийтийн хүртээл болгон хэвшиж, нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ.

Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

                        1.4.1.Соёл судлал, соёлын ажилтны хөгжлийг дэмжиж мэргэжлийг нь дээшлүүлнэ.

                        1.4.2.Монгол хэл шинжлэлийн түүхэн судалгаа хийж, монгол хэлний эрдмийн хэл зүй бичнэ.

                        1.4.3.Үндэсний утга зохиол, ном судар, баримтат өвүүдийг бүртгэн, цуглуулагчдыг алдаршуулж урамшуулна.

                        1.4.4.Алтайн төрөл хэлнүүд ба монгол хэл, аялгуунуудын харьцуулсан иж бүрэн судалгаа хийж олон нийтийн хүртээл болгоно.

                        1.4.5.Археологи, палеонтологийн судалгааг үнэт зүйлийн судалгааны тэргүүлэх чиглэл болгож, үндэсний хэмжээний судалгааны төслийг хэрэгжүүлнэ.

                        1.4.6.Монгол хүний ёс суртахууны хэм хэмжээний талаарх судалгааг өргөжүүлэн хүүхэд залуус, төрийн албан хаагч, хууль, хүчний байгууллагын ажилтны ёс суртахууны нарийвчилсан судалгааг хийнэ.

                        1.4.7.Монгол Улсын түүхийн судалгааг гүнзгийрүүлэн, өмнө судлагдсан түүхийн бүтээлүүдийг нийтэд таниулан, Монгол Улсын нэгдсэн түүх бичиж хэвлүүлнэ.

                        1.4.8.Дэлхийн номын сангууд болон угсаатны зүйн музей, эрдэм шинжилгээний байгууллага, хувь хүмүүст хадгалагдаж байгаа бичгийн дурсгал, түүхэн сурвалж бичгийн өвийг бүртгэж мэдээллийн сан бүрдүүлж, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулна.

                        1.4.9.Тахилгат уул ус, газар нутгийг олж тогтоох, тухайн тахилгат газарт хэрэглэдэг сан судар, түүх домог, холбогдох уран бүтээл, эдлэл хэрэглэгдэхүүнийг эрэн сурвалжилж тогтооно.

                        1.4.10.Монголын төрт ёсны түүхтэй холбоотой Хүрэл ба түрүү төмрийн үе болон Хүннү, Сяньби, Монголын эзэнт гүрний үед холбогдох археологийн малталт судалгааны үндэсний төсөл хэрэгжүүлнэ.

              Дэлхийн монгол  

            Зорилт 1.5.Дэлхий дахинд монгол үндэсний үнэт зүйлсийн дархлаа тогтож, монгол соёлыг түгээн дэлгэрүүлж, Монгол Улсын нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатны хамтын ажиллагаа төлөвшинө.

            Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

                        1.5.1.Монгол хүний бусдаас ялгарах онцлог, давуу талыг “Бүтээлч сэтгэлгээ, оюуны чадвар өндөр, дасан зохицох чадвартай, эрчист Монгол” хэмээн тодорхойлж энэ чанарыг хүн бүрд хэвшүүлж, хүүхдийг бага наснаас нь төлөвшүүлнэ.

                        1.5.2.Монгол хүнийг насан туршид нь хөгжүүлэхдээ ураг байх үеэс эхлэн хүний нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэнд, соёл урлаг, боловсролын цогц уялдаатай үйлчилгээ үзүүлнэ.

                        1.5.3.Дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээгч хувь хүн, баг, хамт олныг дэмжиж алдаршуулах, залгамж халааг бэлтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ. Оюуны болон соёлын, биет бус өвийн бүтээлүүдийг дагасан уламжлал, ёс заншил, үндэсний онцлог бүхий брэнд үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортлох боломжийг нэмэгдүүлнэ.

                        1.5.4.Олон улсын түвшинд зохион байгуулагдаж байгаа олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн суралцагч, багш, багийг дэмжиж урамшуулан алдаршуулна.

                        1.5.5.“Монголын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг”-ийг байгуулж, гадаад харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлнэ.

                        1.5.6.Нүүдэлчдийн соёлыг олон улсад сурталчлах үндэсний агуулга бүхий олон ангит кино, бүжгэн жүжиг, багт бүжиг гэх мэт урлаг, соёлын хөтөлбөр, агуулгыг бий болгон хөгжүүлж, үйл ажиллагаа, хөтөлбөрийн мэдээллийн нэгдсэн системийг бий болгон дэлхий нийтэд таниулж, үндэсний онцлогтой дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлнэ.

                        1.5.7.Хилийн чанад дахь монгол иргэдийг өв соёлоо хадгалж хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, монгол хэл, соёлын агуулга бүхий сурах бичиг, ном товхимол, цахим агуулга, бүтээлүүд бий болгон түгээх, монгол иргэд болон монгол төрийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.

                        1.5.8.Дэлхийн Монгол туургатнуудад нүүдлийн соёл, уламжлалаа хадгалж үлдэх, ахуй соёлын онцлог, нийтлэг болон ялгаатай байдлыг харьцуулан судлах, чуулга, уулзалт, фестиваль хамтран зохион байгуулах чиглэлээр “Монгол туургатны хэл, соёл, уламжлалыг хадгалж хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

                        1.5.9.Хилийн чанад дахь монгол соёлын өвийг сурвалжлан олох, судлах, нэгдсэн каталог хийх, эх орондоо эргүүлэн залах чиглэлээр бусад улс оронтой идэвхтэй хамтран ажиллана.

                        1.5.10.Хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатнуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд нь дэмжих чиглэлээр монгол хэл, соёлын сургалт, хөтөлбөрийг бий болгон хэрэгжүүлнэ.

                        1.5.11.Монголын уламжлалт таван өнгийн идээ ундаа (цагаан идээ, мах шүүс, тосон төрлийн идээ, үр тариа, эмийн ургамал, жимс жимсгэнэ, архи, дарс, рашаан ундаа)-г ашиглан дөрвөн улирал, хүний насны онцлогт тохирсон хоол, тэжээл-сор бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, улмаар дэлхийд таниулж, монгол хүнс хоолны сүлжээ байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

                        1.5.12.Монголын уламжлалт спорт, наадам, наадгайг (бөх, сурын харваа, шагайн харваа гэх мэт) хөгжүүлэх, үндэсний баг, тамирчдаа дэмжих, морин болон тэмээн спортын (морин поло, тэмээн поло) төв байгуулж үндэсний багтай болох, гадаад, дотоодын баг, тамирчдыг урьж тоглуулах тогтолцоог хөгжүүлж, спортын зарим төрлийг олон улсын болон олимпын төрөлд оруулах, түүгээр дамжуулан өөрийн орны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

                        1.5.13.Түр байрлах үйл ажиллагаанд тохируулан гэрийг хөгжүүлэн хялбаршуулж, олон улсын хэрэглээ болгон түгээн дэлгэрүүлнэ.

                        1.5.14.Үндэсний оньсон тоглоомыг оюун ухаан тэлэх хэрэгсэл болгон хөгжүүлж, цахим хувилбарыг бүтээж, олон улсад түгээнэ.

   ХОЁР.ХҮНИЙ ХӨГЖИЛ

            Боловсрол  

            Зорилт 2.1.Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ.

            Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа 

                        2.1.1.Боловсролын чиглэлээр суурь болон хавсарга судалгааг тогтмол хийж хэвших ба бүх шатны боловсролын сургалтын байгууллагын байршил, хүчин чадал, нөөц, нормативын нэгдсэн зураглал, судалгаа, шинжилгээний мэдээллийн санг бий болгон, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоог сайжруулна.

                        2.1.2.Боловсролын мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулан эрх, үүргийн оновчтой хуваарилалт хийж, олон талт түншлэлийг дэмжинэ.

                        2.1.3.Мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах, түншлэлийг бэхжүүлэн зарим төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоодод шилжүүлж, бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийнэ.

                        2.1.4.Сургалтын байгууллагын санхүүжилтийг төгөлдөржүүлэн, суралцагч нэг бүрийг амжилттай суралцахад чиглүүлнэ.

                        2.1.5.Боловсролын мэргэжлийн байгууллагуудын дэргэд түшиц сургалт судалгаа, инновацын нэгжүүдийг бий болгож ажил олгогч, мэргэжлийн холбоод, эрдэмтэн багш, судлаачдын түншлэлийг бэхжүүлнэ.

                        2.1.6.Төрөөс хараат бус бие даасан хүний нөөцийн бодлогын үндэсний зөвлөл байгуулан салбар бүрийн мэргэжлийн холбоодтой хамтран мэргэшлийн үндэсний хүрээг тогтоож, хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн нээлттэй нэгдсэн цахим мэдээллийн систем бий болгох, техник мэргэжлийн болон дээд боловсролын бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн санд нэгтгэн хөтөлж, хэрэглэж хэвшинэ.

                        2.1.7.Боловсролын байгууллагын бүх түвшинд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, өөрийн үнэлгээний тогтолцоог чанаржуулж, соёлыг бий болгоно.

                        2.1.8.Боловсролын байгууллага, сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын хөндлөнгийн хяналт шинжилгээг олон улсын жишиг аргачлалаар хийдэг тогтолцоонд шилжиж төрөөс хараат бус бие даасан институцийг бэхжүүлнэ.

                        2.1.9.Их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулийг тухайн орон нутаг, бүс нутгийн хүний хөгжлийн төв болгон хөгжүүлж бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан насан туршийн боловсролын нээлттэй, уян хатан тогтолцоог бэхжүүлнэ.

                        2.1.10.Их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд төгсөгчдийнхөө мэргэжил дээшлүүлэх асуудлыг хариуцдаг тогтолцоог бий болгож, насан туршийн боловсролын үйлчилгээний чиглэлийг нэмэгдүүлэн, насанд хүрсэн суралцагчдын ажил эрхлэх ур чадвар, амьдрах чадварын сургалтын хүрээнд төдийгүй шинэ чадвар эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр бий болгож хэрэгжүүлэхэд олон талт оролцоог хангана.

                        2.1.11.Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна.

                        2.1.12.Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн анги, бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ.

                        2.1.13.Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн төлөвшил, хөгжлийн суурь үе хэмээн үзэж цэцэрлэгийн үйлчилгээний болон сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг зохион байгуулна.

                        2.1.14.Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1-3, 4-6 настай хүүхдийн хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын хэмжээг үндэслэн жил бүр шинэчлэн тогтооно.

                        2.1.15.Малчин, шилжин суурьшигч, орлого багатай өрхийн, ялгаатай болон тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол тэгш олгох боломж, орчин нөхцөлийг бүрдүүлж, эцэг эх, асран халамжлагчдыг чадавхжуулах замаар тэдний оролцоонд түшиглэсэн хүүхдийн хөгжлийг дэмжинэ.

                        2.1.16.Цэцэрлэгийн багшийн ажлын чанарыг сайжруулах, сургалтын үйл ажиллагаанд бэлдэх, хүүхдийг ажиглах, судалгаа хийх, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, 2021 оноос эхлэн 30-аас дээш бүлэг дүүргэлттэй ангид, 2023 оноос эхлэн бүлэг бүрд хоёр ээлжийн бүлгийн багш ажиллуулна.

                        2.1.17.Хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдлыг тооцон сургалтыг чанартай зохион байгуулахад чиглэсэн тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтнийг цэцэрлэг бүрд ажиллуулна.

                        2.1.18.Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 насны хүүхдийг хамруулах боломжтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад тавигдах шаардлага, стандартыг батлан, дагаж мөрдүүлнэ.

                        2.1.19.Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийн заал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, сургалтын байгууллагын орчны стандартыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан тохируулгат орчныг бүрдүүлж, цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг хүүхэд, хэрэглэгчдэд ээлтэй болгох ажлыг үе шаттайгаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

                        2.1.20.Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлж, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлнэ.

                        2.1.21.Суралцагчдын сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгааг тогтмол хийж үр дүнд үндэслэн бодлого, төлөвлөлт хийж хэвшинэ.

                        2.1.22.Сурагч болон багшид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, суралцагчдад мэргэжлээ сонгох, ирээдүйгээ төлөвлөхөд нь зөвлөн туслах чиг үүрэгтэй сэтгэл зүйч, мэргэжилтнийг сургууль бүрд ажиллуулна.

                        2.1.23.Сэтгэл зүйч болон хүний хөгжлийн чиглэлээр хос мэргэжилтэн бэлтгэнэ.

                        2.1.24.Сургуулийн дотуур байрны менежментийг сайжруулан багш нарын ажлын ачааллын 10 хүртэлх хувьд дотуур байранд сурагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагааны цагийг тооцдог байх зохицуулалт хийж, дотуур байрны хүүхэд хамгааллыг сайжруулна.

                        2.1.25.Сурах бичиг, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн, цахим болон зайн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж, суралцагчдын ялгаатай хэрэгцээг хангасан байхаар боловсруулж, түгээнэ.

                        2.1.26.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний тогтолцоог хөгжүүлэн бүх сурагч үдийн хоолны хөтөлбөрт хамрагдаж, сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байна.

                        2.1.27.Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд дээд боловсролын сургалтын байгууллагуудын оруулах хувь, нэмэр, оролцоог нэмэгдүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай үндэсний судалгааны их сургууль байгуулна.

                        2.1.28.Нийгэмд нэн чухал боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийн болон эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хүний нөөцийг бэлтгэж, төр, хувийн хэвшлийн дэмжлэг, хамтын ажиллагааны үр нөлөөтэй зохицуулалт бүрдүүлж, стратегийн ач холбогдол бүхий чиглэлээр гадаадад суралцагчдыг төрөөс дэмжинэ.

                        2.1.29.Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн хөтөлбөрүүдийн ангиллыг элсэлтийн бодлого, ажиллах хүчний тооцоотой уялдуулж шинэчилнэ.

                        2.1.30.Мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийн болон ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн хамтын ажиллагааг бэхжүүлж, хичээлийн 20-оос доошгүй багц цагийг дадлагын хөтөлбөрт шилжүүлэн, сургалтын хөтөлбөрийг сайжруулах бөгөөд орон нутаг дахь бүс нутгийн онцлог, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байна.

                        2.1.31.Анагаах ухааны боловсрол олгох их сургууль нь харьяа, түшиц эмнэлэгтэй байж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны дадлага хосолсон чанартай боловсрол эзэмшүүлснээр чадварлаг эмч, мэргэжилтэн бэлтгэнэ.

                        2.1.32.Мэргэжлийн болон дээд боловсролын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд бэлтгэхэд шаардлагатай хүртээмжтэй, тохирох хэрэглэгдэхүүн, багш, мэргэжилтэн бүхий сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.

                        2.1.33.Боловсролын салбарын хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, чадварт суурилсан зарчмаар албан тушаал, мэргэжлийн хөгжлөө тодорхойлох боломжтой тогтолцоог бий болгох, салбарын хүний нөөцийн жендэрийн тэгш байдлыг хангах, хөдөө орон нутагт очиж ажиллах хүний нөөцийг орон байраар хангах зэрэг арга хэмжээг авна.

                        2.1.34.Багшийн стандартыг мэргэжлийн, заах арга зүйн, судалгааны, мэдээлэл, харилцаа, холбооны технологийн, гадаад хэлний гэх мэт чадваруудаар ялган тодорхойлж, багшийн хөгжил, хүний нөөцийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, бүх шатны сургалтын байгууллагыг мэргэжлийн багшаар хангана.

                        2.1.35.Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай бага ангийн, тусгай хэрэгцээт болон мэргэжлийн багш нарыг бэлтгэж, мэргэжлийг нь тогтмол дээшлүүлнэ.

                        2.1.36.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багшийн ажлын ачааллыг ажлын байр, хөдөлмөрийн онцлогтой уялдуулж, тэдний үйл ажиллагааг үр дүнгээр нь үнэлж, цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгон бодит цалингий

Сүүлд нэмэгдсэн мэдээ