Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДАГВЫН ЗАГДААХҮҮ: УЛСЫН АВАРГА 2 УДАА БОЛЖ БААТАРЫН БОЛЗЛЫГ 4 УДАА ХАНГАЖ БАЙЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 2205

 

              Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул. 1950-1952 онд цэргийн алба хаагаад  Цагаантолгойн САА-д 1953-1991 онуудад тракторч комбайнчнаар ажиллажээ. 1953 онд анх Санжаадондог жолоочийн туслахаар ажиллаж байлаа. 1954 оноос бие дааж “С-6” чиргүүл жатка чирж ажлаа эхэлсэн. Анх Шохойтын нуруу, Хөшөөтийн давааг хагалж байлаа. Манай дарга Цэдэниш гэдэг хүн байв. Тэр үед Баасан баатар, Дашваа, Санжаа, Дамба, Даш нарын тракторчид, агрономич Лувсандамдин нар байсан. 1959 онд атрын ажлыг Содном эхлүүлж байсан юм. Тоо бүртгэгч Даваажав / сүүлд ня-бо болсон/ 1959 оны атраар Шувуутын ам, Бургалтайн хөндийд атар хагалсан юм. Бид Артойлбод 200 га атар хагалж байв. Бригадын дарга Шоовдор. Манай бригадад тоо бүртгэгч дэмбэрэл, тракторчид Лувсандорж, дашваа, Дамба, Балжмаа, даш, Адьяасүрэн, Юу юу ши, Оршо, Баянцоо, Лай Пуз нарын хүмүүс байсан. Анхны жил манайхан 1 га-гаас 10-20 цн ургац авсан. Модон дотор бороо их ордог байлаа. Ус ихтэй. Ингээд СК-5 авсан. Эхний жилдээ 250 тн будаа хураасан. 29 насандаа атарчдын анхдугаар зөвлөгөөнд очиж “Алтан гадас” одонгоор шагнагдаж байлаа. Манайд Дэжээхүү гэдэг бригадын дарга, тоо бүртгэгч Даш нар бас байсан. Бд мөн Даагатыг хагалаад  намар нь Бургалтайд хадаж байсан. Артойлбод бид өөрсдөө дүнзэн байшин барьж байлаа. ЗС-60 мотороор үтрэмээ ажиллуулна. Орос даваагаар давж очно. 1960 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж Улсын ургацын аварга 2 удаа болон баатарын болзолыг 4 удаа хангаж байлаа хэмээн ууган атарчин маань ярьж билээ.

     Загдаахүү гуай 1962 онд БНМАУ-ын АИХ-ын депутат болжээ. Атрын анхны жилүүдийн баатарлаг тариаланчдын нэг энэ буурал 1979 онд автын жолооч болж олон жил тэрэг барьжээ. Эхнэр Б.Түмэндалай нь атрын анхны аянд оролцож тогоочоор ажиллаж байгаад ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Цаг элж 50 жил өнгөрсөн ч баатартай эн зэрэгцэх гавьяат үйлс нь нутаг нугынхандаа алдаршсан буурал байж билээ.

       Загдаахүү гуайн талаар охин З.Цолмонгийн дурсамжаас энд нийтлэхийг хүслээ. “ Аав маань маш хөдөлмөрч, эрхэлсэн ажилдаа үргэлж манлайлагч явсан нь хийж явсан ажил хөдөлмөрийн замналаас нь тодорхой байдаг. Аав маань улсын ургацын аваргаар 3 удаа шалгарч 4 удаа баатарын болзолыг хангаж байсан байдаг.  Хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж  Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50,60,70,80 жилийн ойн медалиуд, Атар эзэмшигч 30,40,50 жилийн ойн медалиудыг хүртээсэн билээ. Аав минь төр засгийн зүтгэлтэн, Улсын аварга тариаланч, Осолгүй манлай жолооч төдийгүй зах зээлийн үеийн чамбай малчдын нэг байлаа. Аав ээж хоёр минь гайхалтай малч хүмүүс байсан нь хожуу тодорсон юм. Тэд зах зээлийн хувчлалын үеэр хориод хонь, 5 үхэр авч өөрсдийн 5 тугалтай үнээг нэмж Хушаат сумынхаа Бумбат тохойд суурьшин малчин болсон юм. Тэд 1987-1997 оны 10-д жилийн хугацаанд үхрээ 100 толгой, хонио 400 толгойд хүргэж өсгөсөн юм.

       Аав минь олон үггүй, чадах бүхнээрээ хүнд тусалдаг байлаа. Хааяа биднийг зэмлэхдээ зуун төгрөгтэй байснаас зуун нөхөдтэй бай, Эрхийг сурахаар бэрхийг сур, Нөхрийн ажил бүтвэл өөрийн ажил бүтнэ гэхчлэн сургана шүү дээ. Хожим бодохнээ эмээ маань яг тийм хүн байсан байдаг юм. Аавын маань ээж Шагдар гэж хүн байлаа. Зун болохоор эмээ маань хэдэн үхрээ бас биднийг аваад хөдөө зусланд гарч бзгдийг өөрийн биеэр хийж үлгэрлэдэг хүн байсан. Бид эмээгээ дагаж хийсээр малын сүүгээр  сүү цагаан идээ бүгдийг л хийж сурсан даа. Аав маань хүнд хар буруу санах гэж үгүй их сайхан сэтгэлтэй хүн байлаа. Аав минь нас өндөр болсон хойноо “Төр түмэн нүдтэй, төрсөн бие 2 нүдтэй” гээд болзлыг нь хангасан хойно өгөх гавьяаг нь өгч таараа гээд л их харсан даа” гэж дурсан өгүүлсэн юм.

  /Хушаат сум дахин байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан гаргасан “Хушаат сумын түүхийн хураангуй бичээс” номоос бэлтгэв /

 

          Бэлтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөржаргал /2019.11.12/

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ