Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ц.ОТГОНЖАРГАЛ: МӨРӨӨДЛИЙН МЭРГЭЖИЛ МИНЬ АТАР ГАЗАРТАЙ АМЬДРАЛАА ХОЛБОХ УТГА УЧИР МИНЬ БОЛСОН ЮМ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1955

Ц.ОТГОНЖАРГАЛ: МӨРӨӨДЛИЙН МЭРГЭЖИЛ МИНЬ АТАР ГАЗАРТАЙ АМЬДРАЛАА ХОЛБОХ УТГА УЧИР МИНЬ БОЛСОН ЮМ.

 

Миний бие Цэрэндондогийн Отгонжаргал 1964 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Цэрэндондогийн 3-р охин болон төрсөн.

1971 онд Сүхбаатар хотын бага сургуульд орж, 1979 онд Бумцэндийн нэрэмжит 10 жилийн сургуулийн 8-р ангийг төгсөөд Сант сум дахь Хөдөө Аж Ахуйн Техник мэргэжлийн сургуульд өөрийн хүсэлтээр элсэн суралцаж тракторч, комбайнчны мэргэжил эзэмшсэн. 8-р ангиа төгссөн жил манай гэр бүлийнхэн надыг Багшийн сургуульд явуулах гээд хуваарь хөөцөлдөөд бүтээчихээд байхад нь би: “Заавал тракторчин болно. Техник мэргэжлийн сургууль авна” гэж зөрүүдлээд Сант сумын ХАА-н техник мэргэжлийн сургуулийн хуваарь авч элсэн орсон маань атар газартай амьдралаа холбох мөрөөдлийн минь үргэлжлэл болж, мэргэжил маань миний амьдралын утга учир болсон юм.

1981 онд мэргэжил эзэмшин сургуулиа төгсөөд, төгсөхийнхөө өмнө дадлага хийж байсан Энхталын 2-р тасгийн БНМАУ-ын хөдөлмөрийн баатар М.Эрхэмбаяр гуайн удирдсан салаанд МХЗЭ-ийн илгээлтээр ирж ажилласан. Уг нь сургуулиа төгсөхдөө манай ангийнхан бүгд МХЗЭ-ийн илгээлтээр Орхонтуул САА-д явахаар тохиролцсон, бүгд гарын үсгээ зурсан  байсан ч төгсөх хавраа М.Эрхэмбаяр гуайн салаанд дадлага хийж байхад баатар: “Манайд ирж ажиллах уу?” гэж асуухад нь “Бид илгээлтээр явах гэж байгаа. Гарын үсгээ зурсан болохоор ирэх боломжгүй.Та намайг авч чадах юм бол ирж ажиллая л даа” гээд наргиад хэлчихсэн юм. Гэтэл яг төгсөлт болж байх үед М.Эрхэмбаяр баатар ирж, сургуулийн захиралтай уулзан манай ангийн Г.Наранцэцэг бид хоёрын хувийн хэргийн авчихсан захирлын өрөөнд сууж байсан. Бид хоёрыг захирал дуудаж байна гэхээр нь яваад ортол Захирал: “Та хоёр хаашаа явах гэж байгаа билээ?” гэхэд нь “Орхонтуул руу” гэж хэлтэл “Та хоёр Эрхэмбаяр баатарт ам гарсан юм биш үү? Баатарыг басаж болохгүй шүү. Та хоёр эндээ үлдэх боллоо” гэж хэлж билээ. Ингээд л Цагаантолгойн САА-н Энхталын тасагт ирж ажиллах болсон юм.

Дадлага хийж байхдаа улсын аварга комбайнч Д.Галбадрах ахын туслахаар ажиллаж байсан. Тэгээд төгсөөд ирэхэд Галбадрах ах комбайны засвартаа орж, би ДТ-75 тракторыг нь барьж хөдөлмөрийн гараагаа эхлэн ажиллаж эхэлсэн дээ. Тэр жил Цагаантолгойн САА ЗХУ-ын Ставрополь хязгаарын Ипатовын районы туршлагаар Энхтал тасгийн газар тариалангийн бригадуудыг отряд болгон ажиллуулж, тракторууд нь нэг отряд болж, бид цэвдэгшийн хагалгаанд явдаг байлаа.

Намайг тракторчин болж ирэхэд манай бригадад хөдөлмөрийн баатар М.Эрхэмбаяр, ахмад тракторч комбайнч Д.Гомбо, Г.Очир, Д.Зэгвэ, Д.Галбадрах, Батшүүлэг, мөн залуу тракторч комбайнч Д.Хишигдэлгэр, Ш.Болд, Б.Батаа, Ч.Алтангэрэл нарын хамт олон угтаж авсан юм. Бригадын тогоочоор Г.Очир ахын эхнэр П.Дэлгэр эгч ажилладаг байлаа. Эдгээр хүмүүсийн, мэдээж дээр нь БНМАУ-ын хөдөлмөрийн баатар М.Эрхэмбаяр гуайн халамж, тус дэм, асар их туршлагаас суралцан, энэ хүмүүсийн тус дэмээр ажилдаа нэг түүртэлгүй, хурдан дасаж, атрын их аяндаа эргэлт буцалтгүй орсон билээ.

Дараа жил нь буюу 1982 оны хавар Д.Гомбо ах бид хоёрт шинэ трактор олгож, газар тариалангийн ажлыг хурдан, чанартай хийх үүрэг надад ноогдож байлаа.

Тэгээд хөгжилтэй нэг дурсамж одоо ч тодхон санагдсаныг хуучилъя. Бид Цагаантолгойн САА-н төвөөс 6-уулаа шинэ трактор (бусад нь өөр бригадынх) авсныгаа Сант сумын Соёлын төвийн гадаа тавиад хуралд сууж, амлалт үүрэг аваад Энхтал руу гартал шинэ таркторууд маань цувралдаад унтраад байсан, хүйтэн байсныг ч хэлэх үү? Зарим трактороо чирээд л, шөнөжин явж ирж билээ. Сүүлд дуулахад Цагаантолгойд хуралд орсон үеэр бүх тракторын түлшний хаалтыг хааж, биднийг шоглосон байсныг мэдэлгүй будилцгаасан юм билээ.

Цагаантолгойгоос ирээд жаахан унтах гээд хэвтэж байтал тасгийн дарга Цэдэн-Иш гуай (манайхан Сэмбээ дарга гэж авгайлж дууддаг байлаа) дуудаж байна гэхээр нь очтол хаврын ажил эхлэж байхад юун унтах, Ар тойлбо яв гэж үүрэг өглөө.  Тэгээд Д.Гомбо ах бид хоёр тэр өдрөө шууд Ар тойлбо руу трактортойгоо очиж, хаврын тариалалтад шууд орж билээ.

Би тэр зун хуучин төвийн үтрэмийн дэргэд байх 403 га талбайн уриншийг гэрээгээр гүйцэтгэх үүрэг авч, намар нь 100% үнэлгээтэй хүлээлгэн өгч байлаа. Дараа жил нь тэр талбайгаас манай тасаг хамгийн өндөр ургац хураан авч байсан юм. Тэр зуны ажлынхаа төлөвлөгөөг давуулан биелүүлсэн амжилтыг минь үнэлэж, “Улсын тэргүүний тариаланчдын зөвлөгөөн”-д оролцуулж, “Атарчдын алдар медаль”-иар энгэрийг минь мялааж, бас “БНМАУ-ын Засгийн газрын жуух бичиг”-ээр шагнасан юм.                              

                              

1983 оны намар би том хүүгээ төрүүлэн манай гэр бүл баяр хөөрөөр бялхаж байсан билээ.

1981-1983 онд Цагаантолгойн САА-н Энхтал тасагт, 1984-1986 онд Цагааннуур САА-д тракторчноор ажилласан. Цагааннуур САА-н 5-р бригадад тракторч, комбайнчнаар ажиллаж, өндөр бүтээмжтэй К-700 трактор барьж, уриншийн ажил гэрээлэн авч амжилттай ажилласан.

1984 оны зун Сэлэнгэ аймгийн “Аймгийн аварга шалгаруулах уран хагалгааны тэмцээн”-д оролцон Мөнгөн медаль хүртэж, “Улсын аварга шалгаруулах уран хагалгааны тэмцээн”-д оролцон 4-р байр эзлэж байлаа.

1987 оны 3-р сарын 18-нд Энхталын САА-г байгуулах хурал болж байх үеэр манай гэр бүл хоёр дахь хүүгээ өлгийдөн авч, атрын шинэ аяны гараан дээр төрсөнд нь билэгшээн хүүдээ Атаржолоо гэсэн нэр хайрласан юм.

Гурван сарын дараа САА-н ерөнхий инженер О.Бат-Очир, ерөнхий агрономч Т.Баасандорж нарын хамт Номгон САА-д болсон уран хагалгааны тэмцээнд оролцон шагналт байр эзлэн шалгарч, улмаар Төв аймгийн Угтаал САА-д болсон улсын уралдаанд оролцож, шагналт байранд орж билээ.

       

 Би Энхталын САА-даа засварын газрын аккумуляторчин ажил хийж байгаад 1990 онд бага хүүгээ төрүүлсэн. Үүний дараа ажил мэргэжлийн туршлагадаа тулгуурлаж, нөхрийнхөө хамт газар тариалангийн аж ахуйн нэгж байгуулан, түүндээ хичээн зүтгэж байлаа. Хүнсний бараа хомсдсон 1991-1995 оны хүнд жилүүдэд гурилын үйлдвэр байгуулан ажиллаж, сумынхаа иргэдийн хүнсний хэрэглээний ихээхэн хэсгийг хангаж, газар тариалангийн анхны хувийн аж ахуйн нэгж “Бүтэмж” ББХК байгуулан тариаландаа ажилласаар л явлаа даа.

Би энэ нутагтаа 1981 онд ирж хань Н.Нямцэрэнтэйгээ учирч, гурван сайхан хүү төрүүлэн, нэг охин өсгөж, одоо бүгдээрээ зөв, сайхан амьдарч явна даа. Миний хань Н.Нямцэрэн бол  удмаараа атар газартай холбогдсон, атарчин гэр бүлийн хүн болохоор миний ажил, мэргэжлийн онцлогийг сайн ойлгож, байнга дэмжин туслаж явдаг байлаа.

     

Хушаат сум дахин байгуулагдсаны 30 жилийн ойгоор миний хань бид хоёрыг нэгэн зэрэг “Хүнс Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасанд бид маш их баярлаж, аргагүй л атарчин гэр бүл шүү дээ хэмээн хийсэн ажлаараа, атар газартай холбогдсон амьралаараа бахархаж байсан юм.

Төр засгаас миний ажил, бүтээлийг минь үнэлэж:

  • Засгийн газрын жуух бичиг                                       1982 он
  • Атарчдын алдар медаль                                          1982 он
  • Уран хагалгааны тэмцээний мөнгөн медаль           1984 он
  • Хүнс ХАА-н тэргүүний ажилтан цол, тэмдэг            2017 он
  • Хушаат сумын 30 жилийн ойн дурсгалын медаль 2017 он

зэргээр шагнаж урамшуулсан.

 

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат 1-р багийн иргэн

Цэрэндондогийн Отгонжаргал

2019 он

Сүүлд нэмэгдсэн мэдээ