Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ХОШОЙ ОДОНТ МЕХАНИКЖУУЛАГЧ Д.ПҮРВЭЭ : ТАРИАН ТАЛБАЙ, ХҮН, ТЕХНИК ГУРАВ АМИН ХОЛБООТОЙ БОЛДОГ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1673

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ХОШОЙ ОДОНТ

МЕХАНИКЖУУЛАГЧ Д.ПҮРВЭЭ : ТАРИАН ТАЛБАЙ, ХҮН, ТЕХНИК ГУРАВ

АМИН ХОЛБООТОЙ БОЛДОГ.

 

/”Бидний цөөхөн Монголчууд” төслийн хүрээнд хийгдсэн  “Атар газар анх зорихдоо нэг нь удирдаж нөгөө нь удирдуулж нэгэн зорилгын төлөө насаараа хамтарсан механикч Д.Пүрвээ, сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга Т.Баасандорж хоёр” ярилцлагын хэсгээс /

 

       Д.Өнөрболор- Пүрвээ ахаа та бид нарыг ирэхэд комбайнаа засаад сууж байлаа. Та яг юу хийгээд сууж байсан бэ? Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

       Д.Пүрвээ – Намрын ажил дуусаад комбайнаа цэвэрлээд өвлийн тавилтанд бэлдэж байлаа. Энэ намар өндөр ургацтай сайхан намар боллоо. Нэгхэн компани жаахан газартай үлдээд байна. Бид нар ч айдгаа авдартаа хийчихээд л сууж байна даа. Газар тариалангийн  үйлдвэрлэлд 48 дахь жилдээ ажиллаж тариа хураалаа. Энэ мэргэжлээрээ ажиллаж амьдарч байна. Миний шавь нар гэвэл надаас дүү өчнөөн олон залуучууд ажиллаж амьдарч байна. Цөмөөрөө сайхан хашир туршлагатай комбайнчид болсон байна. Надад анх шавиар орж байхдаа бараг юу ч мэдэхгүй залуучууд онолоос цаашгүй байсан. Одоо ч дадлага туршлагатай айхтар болцгоосон байна. Ажил хамт хийгээд явж байхад мэдрэгдэж байна. Багшийн хувьд  шавь нараараа бахархаж маш их баярлаж  явдаг юмаа.

       Д.Өнөрболор- Анх 50-д жилийн өмнө анх САА байгуулагдаж байхад илгээлтийн эзэд маш гоё нөхөрлөж дурлалцаж явсан байхдаа. Та залуу үеийнхээ ид насныхаа дурсамжаас хуваалцаач.

        Д.Пүрвээ  - Би  7-р ангиа төгсөөд  хөгшчүүлийн мал дээр 2 жил ажиллаад 1970 оны намар Шаамарын сургууль комбинатад орж суралцан ёстой нөгөө хорин хэдэн настай, хонгор шар үстэй гэдэг шиг 10-н хэдхэн настайгаасаа энэ мэргэжлийг эзэмшээд   Цагаантолгойн САА-н үр тарианы тасагт  томилогдон ажлын гараагаа эхэлж  байлаа. Тэрнээс хойш олон жил өнгөрчээ. Дараа нь  тасаг болоход томилогдон ажиллаад өнөөдрийг хүртэл Энхтал САА буюу одоогийнхоор Хушаат сумандаа ажиллаж амьдарч байна. Ханийг маань Арвагын Цэрмаа гэдэг. Бид 6 сайхан охин 1 сайхан хүү төрүүлж өнөр өтгөн сайхан амьдарцгааж байнаа.

 

       Залуу байхад социализмын үед  газар тариалангийнхан дандаа залуучууд намар үтрэм дээр оюутнууд ирж ажиллан бид тариан талбай дээр ажилладаг байлаа. Тэр үед залуу байхад аль будилж явахыг тэр гэхэв. Өдий хөгшин болчоод янз янзын юм яриад яахав. Сайхан байсан даа бид.

     Их олуулаа 1 бригад гэхэд 10 гаран комбайн явдаг, оросын мэргэжилтэн гээд тусгай хүмүүс ирж засвар үйлчилгээнд тусалдаг байлаа. Тэр үед шинэ тутам тэр болгон нарийн юмыг мэдэхгүй.

        Д.Өнөрболор- Та ололт амжилтынхаа түүхээс хуваалцаач

        Д.Пүрвээ- 1982 юм байна.Улсын хэмжээний ургацын аварга хийсэн. Тэр үед улсын хэмжээний ургацын аварга гэж дээрээсээ 1,2,3 гэж тоолоод 15-аар тасалдаг байсан. СК-5 комбайны үед би ажиллаж байсан даа. Сүүлийн үед Нива, Виктор гээд оросын айхтар хүчин  чадалтай комбайнууд ирж байна. 1300 тн будаа авч байж улын аварга болдог.Трактороор бас зөөлөнд шилжүүлснээр хагас жилийн нормоо хийгээд трактор, комбайныг хоёуланг барьдаг хүмүүс хагас жилээр төлөвлөгөөг биелүүлдэг байлаа.

        Д.Өнөрболор- Пүрвээ ахаа унаа тэргээ цэвэрлээд зогсоодог юм байна. Тэгээд хэзээнээс эхлээд тэргүүдээ ажиллагаанд оруулах вэ? Тэ үед их сэтгэл догдлоно биз.

        Д.Пүрвээ – Хүний насаараа хийсэн ажил гэдэг чинь  тариан талбай, хүн, техник 3 холбоотой болчихдог юм байна. Сэтгэлд шингэж хоногшдог юм байна.Намар комбайн дуугараад тариа хураалт эхлэхээр хурдны морь яадаг билээ яг тэрэн шиг сэтгэл гэгэлзээд хөл хөнгөрөөд ирнэ шүү дээ. Тийм болчихдог. Комбайныг тариа хураалт дуусаад тослох  ёстой юмыг тослоод, нарнаас хамгаалж газраас 4 дугуйг хөндийрүүлээд  данхраадаад тавьдаг. Тракторыг ч ялгаагүй бүгдийг нь цэвэрлээд тавьдаг. Энэ чинь өвөлжин, хаваржин, зун өнгөрөөд намар ажиллуулж эхэлнэ. Зуны эхний сард засвар үйлчилгээ хийгдэж ажилдаа гарна.

       Д.Өнөрболор- Дээр үеийн хүмүүс төлөвшил, хүмүүжил нь бусдын төлөө гэсэн сэтгэлтэй нийтээрээ л бүхэлдээ тариагаа хорогдолгүй, асуудалгүй хураагаад авчих юмсан гэсэн сэтгэл өег, мэдрэмжтэй амьдардаг шиг санагддаг.

      Д.Пүрвээ – Тэр тэгэлгүй яахав. Ямар сайндаа бүх тариа ногоогоо хураасны дараа л тайвширч сайхан болдог шүү дээ.

      Д.Өнөрболор- Та анх яагаад  энэ техникт дурлав.

      Д .Пүрвээ – Би чинь 7-р ангиа төгсөөд хөдөө хөгшчүүл дээрээ мал малладаг байлаа. Тэгэхэд  малын өвөлжөө, хаваржаа тариалангийн талбайд ойрхон байлаа. Тариалангийн бригад ойрхон мориороо очоод л сонирхоно. Тэр үед ДТ-54, ДТ-75 зэрэг тракторууд байсан. Жолооч нартай нь уулзаж сонирхдог байлаа. Тэгээд л энэ мэргэжлийг эзэмшвэл зүгээр юмуу гэж бодож байлаа. Ингээд долуулаа Цагаантолгойгоос /тэр үед  Энхтал Цагаантолгойн 1 тасаг байлаа/ Шаамарын сургууль комбинатад сурч төгссөн.Тэгээд л энэ мэргэжилд анх дурлаж эзэмшсэн дээ.

       Д.Өнөрболор- Таныг орон нутгийн хүмүүс  их тусч хүн гэж ярьдаг. Та ч газар тариалангийн залуучуудад олдоц муутай хүн юмаа даа. Сая нэг асуудал гарч цас унаад тарианууд налаад уналаа. Тэр үед хүмүүс барьц алдаад тулгамдсан асуудал боллоо. Яаж хурааж авах вэ гээд тулгамдсан асуудалд та ямар туршлага заав.

       Д.Пүрвээ- Энэ намар би Пүрэвсүрэнгийн компанид /нутгийнханы ярьдгаар жижиг Пүүжээ/-ажиллалаа. 1000 гаран га-д тариалсан. Эхний талбайнуудаас га-гаас 30 гаран центнер авсан. Сүүлийн гуурсанд тарьсан талбайнуудын ургац жаахан буурах шиг боллоо.  Дараа нь Ногоонхустын Жаргалсайханы ажилд тусаллаа. Артойлбо бол их өндөрлөг, даваа гүвээ ихтэй, цаг агаар муудвал хамгийн түрүүнд бороо цас ордог газар даа. 2 залуутай гурвуулаа хураалаа. Налсан тарианы тухайд залуучуудад хэлэхэд талбайгаа сайхан тэгшлэх хэрэгтэй. Талбай тэгшхэн бол налсан ч гэсэн ургацаа 100% авч чадна. Гарын хуруу шиг арзгар талбайд тарьчаад налсан тохиолдолд хураахад хэцүү шүү дээ. Тийм  тариа нь үелзсэн талбайгаас тариа хураахад хэцүү 2 дахин хүндэрдэг. Налсан тарианд явахад хурдан явж болдоггүй, удаан явна. Тиймээс талбайгаа тэгшлээчээ гэж хэлж явлаа.

        Д.Өнөрболор- Ахдаа ажлын амжилт хүсье. Он удаан жил тариаланчиддаа зөвлөн тусалж яваарай.

 

Ярилцлагыг бичмэл хэлбэрт хөрвүүлсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн  Д.Өнөржаргал

2019.10.18

Сүүлд нэмэгдсэн мэдээ