Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМАНД 1959-1960-ИАД ОНД АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭН ТҮҮХ, САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС БОЛОН НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ ДУРСАМЖ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 2861

/Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Хушаат сумын иргэн, ахмад тариаланч Бүдийн Нямаагийн 2009 онд Атар газар эзэмшсэний 50 жилийн ойд зориулан бүтээсэн “Дурсамж” номоос/

      Бүгд найрамдах Монгол Ард Улсын Намын Төв Хороо Сайд нарын Зөвлөл, Монголын Хувьсгалт залуучуудын Эвлэлийн төв Хорооноос эх орон, ард түмэн, үйлдвэрээ гурилаар хангах, дотооддоо гурилан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, олон зуун залуучуудыг ажлаар хангах зорилгоор 1959 онд атар газар эзэмших хөдөлгөөн өрнөж эхэлсний нэг нь Цагаантолгойн СААн эзэмшилд байсан Хушаат сумын асар уудам нутгийг эзэмших аян байсан бөгөөд анхны жил 1959 онд Даагат орчмын нутгийг уриншинд бэлдэхээр их хүч гарган төвийн бригад, Артойлбын бригад, Бургалтайн бригад ирж ажиллаж Даагат орчмын ам хоолой, Тарвагатай, Таширын ар, Хөдөө хараат, Хүйтэн толгойгоос дээш 2000 орчин  га-д атар газар хагалж 1960 оны тариалалтанд бэлдсэн түүхтэй. 1960 оны хаврын тариалалтанд үрийг Артойлбоос машинаар цас их орсон зам муутай нөхцөлд 3-р сараас эхлэн зөөж 2-3 машин чирсэн  трактор цас ухан замдаа 2-3 хонож Энхталд Цагаан овооны өвөрт ирж цас малтаж гэрээ барин газраа цэвэрлэж одоогийн Уурын зуухны яндангийн урд үрийг буулган тэр хэдэн машин трактор сар орчим үрээ, техникээ  зөөж хаврын тариалалтанд бэлдсэн юм билээ. Гэрээ барьж үрээ гадаа буулгаж харж хандах хоол цай  бэлдэж үйлчилж байсан хүмүүс нь тракторч Найдангийн Даш гуай, тракторч Долгорын Рэнцэнханд гуай нар байсан юм билээ. / Багш Оюуны аав, ээж хоёр/ Энэ сайхан хүмүүс тракторчид байсан бөгөөд хүний өөрийн гэж залуус биднийг алагчлан үздэггүй бид гэр оронгүй хүмүүс учраас цай хоолыг нь идэж уугаад л гэр орон шигээ дураараа аашилж, загнаж зэмлэхэд хүлээн авч хүүхэд нь юм шиг орж гарч байдагсан. Ханд гуай гинжит, дугуйт трактороор хагалж чиргүүл жатка чирж ангилан хадалт хийдэг. Даш гуай дагнан гинжит трактор барьдаг. Ийм л эгэл жирийн ааш зан сайтай ахмад тариаланчид байлаа. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг. Замаг сайтай нууранд шувуу  шувуу болгон цугладаг гэдэг үгийн жинхэнэ эзэд нь тэд байсан юм даа.

 

       Өөрийн тухай өгүүлэх нь эвгүй боловч нэгэнт дурсамж бичиж буй хүний хувьд бичихээс өөр аргагүй юм шиг бодогдож бичихээр шийдэв.

       Би Булган аймгийн Сайхан сумын 9-р багийн нутаг Бүдний голд төрсөн хүн. Бага сургууль төгсөж Булганы 10 жилд 2 жил сурч тэр үеийн 7-р ангийн боловсролтой болсон. Сургуулиас гараад нэгдэлд үхэр хонь хариулах, өвс хадланд явах, эмнэг сургах, тэмээгээр ойрхон тээвэр хийх зэрэг тэр үеийн үргэлж бургилж байдаг ажилд оролцож үеийн нөхөдтэй дарвин давхиж өссөн дөө. Тэр үед манайх овоо малтай элэг бүтэн амьдач байтал аав минь залуугаараа нас барж ээж бид яахаа ч мэдэхгүй улс үлдсэн дээ. Мах, сүү, ноос, ноолуур, албан татвар зэрэг зүйлд шахалтаар хэдэн малаа өгч гурван жил орчим хугацаанд барсан даа. Тэгээд 1957 онд нэгдэлд орж янз бүрийн ажил хийж амьдрахыг ядаж яваа нь тэр юм даа. Ээж маань нэгдлийн сүүний  тасагт охидтойгоо үнээ саадаг. Би өглөө эрт ээждээ хөөгдөж босоод үнээ ивэлгэнэ. Дүү нар маань эрт босдог учир үнээнийхээ гуяыг тэврээд унтчихсан байдагсан. Тэгэхэд дүү нар маань бага байсандаа хөөрхий.

     1959 оны 10 сард болсон Их хурлын сонгуульд  манай дарга Содном гуай ирсэн юм. Тэгэхэд Эвлэлийн илгээлтээр  атарт очиж ажиллах залуучуудыг бүртгэж байхад би очиж бүртгүүлээд хамаатан ах Жигжидын хамт захиргааны илгээлттэй аймагт очиж Эвлэлийн хорооны дарга Чимэдлхам даргад бүртгүүлээд илгээлт гэж хатуу жижиг баримт аваад 1 хоногийн дараа Архустын сургуульд суралцахаар явахад 200 гаруй залуучууд баазын хэдэн машинд ачигдаад аймгийн төвд гадаа хөдөлмөрийн цуглаан хийн аймгийн Намын хороо, Эвлэлийн хорооны хүмүүс үг хэлж зарим илгээлтийн залуучууд сайн сурч атар газар санй ажиллахаа илэрхийлж нилээд сүртэй цуваа Улаанбаатарын зүг хөдөлж байсан юм даа.

      Дашинчилэнгийн буудалд бууж хоноод маргааш нь ХАА-н яаманд шөнө очиж хоноод өглөө группээр нь хуваарь хийгээд хичээл эхэлсэн бөгөөд тэнд газар бүрээс 600 гаруй залуучууд цугласан байсан даа. Нэг групп гэхэд 30 орчим хүнээр бүрдсэн байсан. ХАА-н нилээд том сургууль болохоор байр орон сууц, хоол ундны газар, багш ажилчид олонтой, сургалтын техник төхөөрөмж сайтай, орос, буриад, монгол багш нар олон байсан. Харин клуб нь багавтар бидний тал нь ороход багтахгүй байдагсан. Багш нар минь маш их мэргэшсэн хүмүүс байсан учраас техникийн төсөөгүй бидэнд нүдэнд харагдаж ой ухаанд шингэтэл заадагсан.

        Ингээд манай групп хаврын тарианы дадлагад Ингэттолгойн САА-д очиж ажиллаж тариа тарих, хагалахыг амьдралдаа анх удаа сурсан үе байлаа. Буцаж очоод уртасгасан цагаар хичээллэн 8-р сарын 1-ний орчим шалгалт эхэлсэн маш их үзэл сурталттай төгсөлт болж билээ. ХАА-н машин техникээ хөдөөвтөр газар жагсааж тавиад гэр майхан барьж яамнаас комисс ирчихсэн багавтар наадам зохиож сүртэй сайхан юм болж билээ.

       Ингээд аж ахуйнуудад хуваарь хийсэн ба түрүүчийн аж ахуйнууд хүнээ ачаад яваад эхэлсэн. Би Ингэттолгойд хуваарилагдсан байсан. Ингэтийн машин, Цагаантолгойн машин зэрэг ирээд биднийг ачаад хотод ХАА-н яаман дээр ирэхэд Цагаантолгойд хуваарилагдсан Ингэтийн нэг залуутай яамны боловсон хүчин дээр ороод хувийн хэргээ солиулаад Цагаантолгойн машин дээр гараад суучихаж билээ. Сольдог учир нь хувийн хэрэг дотор тракторч комбайнчны үнэмлэх байсан болохоор тэр юм даа. Тэр үед надад цоо шинэ газар ажиллаж амьдрах сонирхолтой байсан учир ийм шийдвэр гаргасан хэрэг. Зуур хоноод Цагаантолгойн төвд 1960 оны 8-р сарын 5-нд ирэхэд биднийг буудалд хүлээн авч гуанзанд хооллоод САА-н дарга Жамбал гуайтай уулзуулж ажил байдлаа танилцуулаад тасагт хуваарь хийж бидний 10 хүнийг Артойлбод хуваарилж ня-бо Даваажав гуайтай ЗИС-5 машинд суугаад Ивэн өгсөж Тойлбын даваагаар Артойлбод ирэхэд нярав Загд гуай хүлээн авч айлын орон сууцанд оруулаад хонь төхөөрч өгсөн дөө. Ингээд маргааш нь тэр их шумуул дотор үтрэм цэвэрлэх ажилд Даваажав  гуай яаж хийхийг зааж эхлээд үтрэм цэвэрлэх ажлаар эхэлсэн билээ.

       Хэд хоноод Энхталд авчирч биднийг ахмад тариаланчдад шавиар өгч тэдний тракторуудыг авч билээ. Надад Мижиддорж гуай трактораа өгч  цэвдэгшилд бэлдэх бага засвар хийж Наадмын дэвийн атарт боловсруулалт хийх ажилд тракторч Батаагийн хамт 2 трактор, 2 лушильниктэй гарч Орхон голын захад майхантай ажиллаж байлаа. Батаа маань жинхэнэ энэ нутгийн унаган хүү Хушаатын уулын Сэрдамба гэдэг хүний хүү одоо Дарханд амьдарч байгаа бизээ.

       Тэгэхэд тэнд шувуу, шумуул хоёр л байсан даа. Тэр намартаа газар хөлдөхөөс урьтаж цэвдэгшилд явж гайгүй цалин аваад 11-р сард нутагтаа очоод 12 сар буцаж ирээд Гомбоо бид 2 нэг гэрт амьдарч байсан. Тэгэхэд энд 5 айл байлаа. 1-р сард талийгаач маань томилолтоор ирж хавар болоход бид хоёр айл гэр болж төрд өрх нэмсэн юм. Хаврын тариалалтанд Т.Шуурай даргатай Б.Хорлоо механикчтай ажиллаж байлаа. 1962 онд Наадмын дэвийн брригадад ажилласан намраа шинэ СК-5 комбайн авч анх удаа тариа хурааж билээ. Тэр намар манай аж ахуй 14 шинэ комбайн авч Дарханд бид  очиж 7 хоног угсарч байж бүгдийг Цагаантолгойд авчирч тасгуудад хуваарилсан юм. 2-р бригадын тариа хураалт дуусаад бид Цагаантолгойд очиж баруун голд буудай, вандуй, овьёос хурааж явлаа. Тэр намар 9-р сарын 23-нд анх хүүтэй болж бид хоёр хязгааргүй баяр жаргалтай байж билээ.    

Эхнэр А.Рэнцэнханд охин Н.Хонгорзулын хамт

        Миний хань Адуучын Рэнцэнханд 1960 онд Улаанбаатар хотын 6-р 10 жилийн сургуулийн 10-р ангийг төгсөөд тэр ондоо Сэлэнгэ аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа бригадын сувилагчийн курс төгсөж 1961 онд Цагаантолгойн аж ахуйн атрын 2-р тасагт тасгийн сувилагчар ирж ажиллаад улмаар Цагаантолгойн их эмчийн салбарт сувилагч, Артойлбын мал бригадад сувилагч, Энхтал тасгийн бага эмчийн болон их эмчийн салбарт сувилагч, 1978 онд Шаамар сумын Яргуй цэцэрлэгийг нүүлгэн авчирч эрхлэгчээр нь ажиллаж байсан ба  20 гаруй жил эмнэлгийн байгууллагад ажиллаж 10 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн эгэл жирийн хичээнгүй зүтгэлтэй эх хүн байсан даа миний Ханд.

       Атар газар тарьсан тариа маш сайхан ургаж тэр зундаа САА-н захиргаа хятад барилгачид, Зүүнхараагийн барилгын анги авчирч зуны турш тасгийн төв, үтрэм, агуулах, орон сууц, граж барьж намар гэхэд оюутан сурагчид, тээвэрчид, бусад ажилчид хүлээн авах чадвартай болсон байлаа. Намрын тариа хураалтанд 13 шинэ СК-3 комбайн авчирч хуучин тракторчид, курс төгсөж ирсэн бидэнд трактороо өгч бид Мөнхтолгой, Наадмын дэвийн бригадын атар боловсруулах ажилд гарч комбайнчид маань анхны намрын ургацаа хураахаар ажилдаа орж Дамгаа, Сэнгээ, Гомбоо, Маам, Батхүү, Жигжидсүрэн, Загд нар комбайнчнаар, 120 оюутан, дундын 5 тээвэрчид ажиллаж байлаа. Атрын 2 дахь жил 1960 онд Артойлбын Бэлтрэг даргатай бригад, Цагаантолгойн төвийн Нямсүрэн /Булган/ даргатай бригад, Бургалтайн Цэдэн-иш /Булган/ даргатай бригад ирж ажиллан  тэр дундаа Мөнхтолгойн хоолой, Голын хараатаас дээш , Хөдөө хараатын зүүн хоолой, Хамагчийн үзүүр, Хүйтэн толгойн хавь нутгийг, Наадмын дэв, Ишгэнтээс  баруун тийш, Таширын өвөрийн бүх талбай, Зээ нарийн хотгор, Талын улаанаас зүүн тийш нутгийг хагалж 2 том бригад эдлэн газар хагалж бэлдсэн түүхтэй. Талын улаан 176, зээ нарийн хотгор 478, зээ нарийн хотгор 727, толгойн өвөр 555, Бага таширын өвөр 441, Шар ухаагийн зүүн ар 386, Зүүн тал 141, Зүүн тал 386 га газруудыг бэлдсэн түүхтэй. 1961 оны хавар Мөнхтолгойд Жадамбаа дарга, Дэмбэрэл тоо бүртгэгчтэй бригад байгуулагдан шинээр трактортай залуучууд Цагаантолгойгоос ирж  чиргүүл машинууд Цагаантолгойгоос татан ажилд бэлдэж анх 4-р сарын 12 –нд Социалист Хөдөлмөрийн бригад зохион байгуулж шинэ тасгийн хүмүүс бүгд цуглан хурал хийж энэ бригад үүссэн. Энэ бригадад анх Ж.Батхүү, Д.Дашдаваа, Машка, Пүрэвсүрэн гэх мэт нутгийн 10 залуус анхны тариалалт хийж байлаа.

      Наадмын дэвийн бригад Цагаантолгойн төвөөс зохион байгуулагдаж мөн 10 орчим тракторчид хаврын тариалалт хийж хавар нь Энхталын 2-р тасаг гэж нэрлэгдэн намын дарга бөгөөд нягтлан бодогч Даваажав удирдаж байсан бөгөөд зун нь Шарав гуай ирж Даваажав гуай нягтлан бодогчоор ажиллаж 4 бригадтай тасаг болон өргөжсөн юм. Тракторч Баянцоо, Дамба, Юу-Юу-Ши, Гаадай, нярав Загд, слесарь Тогоо, грукээр Гомбоо, Төмөрбаатар, жолооч Жадамбаа, Гомбоцэрэн, Пачивник, Соотгой, Адилбиш, Лувсангомбо, Шарав бусад хүмүүс идэвхи зүтгэлтэй ажилласан юм билээ. 1960 оны тариалалтанд Үтрэмээс доош 642, Хөдөө хараатын 246, Хадтай толгойн доор 358, урд 60,234, Таширын ар 535, Тарвагатай 350, 75, 24,  Могойн ам 127,11, 34, 24, 103 га газруудыг тариалсан бөгөөд хаврын тариалалтанд селкэнд суух, үтрэмд ажиллах ажилд Артойлбын малчид, хятад ажилчид тогтмол оролцдог байлаа.

       Малын хувьд Артойлбод байсан 3000 гаруй үхэр л байсан юм. 1961 оны зун нь Мөнхтолгойд орон сууц, цахилгаан станц, дарханы газар, иж бүрэн тоноглогдсон үтрэм, оюутны сууц гэж мэт тохижилт хийгдсэн бөгөөд намрын ургац тариа хүлээн авах чадвартай болсон байсан.

       Тасгийн даргаар олон жил ажилласан Р.Шарав, Даваажав, Нямбуу, Лхагвасүрэн, агрономичид Х.Намсрайжав, Ц.Цэрэнхүү,Чойжоо, Содном гуай нарын хүмүүс өдөр бүрийн ажиллагаагаар удирдаж орчин үеийн хэллэгээр жинхэнэ хүн бүртэй тулж ажиллаж байлаа. Олон жил идэвхи зүтгэлтэй тариаланчидтай мөр зэрэгцэн ажиллаж, метр бариад явганаар өдөржин талбайд явдаг тоо бүртгэгч Пүрэвжав /нас барсан/ эмэгтэй тоо бүртгэгч Лхам / Өлзийсүрэнгийн эхнэр/ нар байсан юм.

      1967 онд ДТ-54 авч тасгийн төвийн бригадад ажиллаж социалист хөдөлмөрийн бригадын гишүүн, сумын хөдөлмөрийн аварга болж явлаа. Үүнээс хойш1980 он хүртэл Артойлбо 2-р бригад, 5-р бригадад трактор комбайн барьж газар тариаланд 20 жил, хадлангийн салааны ахлагчаар 7 жил ажиллан норм төлөвлөгөөгөө давуулан биелүүлж үр бүтээл, урам зоригтой олон сайхан залуучуудтай хадлан бэлдэж тээвэр хийж тариа тарихад үүрэг гүйцэтгэж явлаа.

     Сонирхуулж хэлэхэд ах нь энэ олон жилийн хугацаанд нэг жил ажилласан ДТ-54, нэг шинэ ДТ-75, шинээр хоёр ЮМЗ-6 трактор чиргүүлтэй, нэг шинэ СК-4, 1 жил ажилласан шинэ СК-5 нэг үүнийг орос жил бариад орхисон тийм техник эдэлж явлаа. Энэ бол ийм сайхан ажлын багаж зэвсэг бэлдэж өгч байсан төрийн минь буян болохоор би эдгээр техникийг зүгээр хараад суугаад байх тийм эрх ч байхгүй. Тийм боломж ч байхгүй байлаа. Яагаад гэвэл , төлөвлөгөө, хууль дүрэм, удирдлагаар байх гэдэг чинь тэр үед дэгтэй байсан. Яагаад энийг бичиж байгаа юм бэ гэвэл ажлын  техникээр хангаж байсан засаг төрөөрөө бахархаж байгаа нь тэр юм даа. 1987 оны 3-р сарын 18 нд САА болж намайг хадлангийн бригадын даргаар тавьж 2 жил тэр ажилд зүтгэсэн. Манай бригад трактор 17, чиргүүл 15, пресс 5, хадуур 6, тармуур 2 ажиллаж 4000-4500 тн өвс бэлдэжбайсныг хүмүүс мэднэ бизээ. Хаман боогч Онон, Жаргалдорж, Н.Ганболд, Батсуурь, хадуурчин Тэгшбаатар, Доржбазар, Нямхүү, Баатар, Баяраа, Жаргал, тармуурчин Шаравпил, Очирдаваа, талбайн тээвэрт Р.Ганболд, Р.Гантөмөр, Мөнхбат, Төмөр, Улаанхүү, тогооч Пүрэвтуяа, бригадын тээвэрт Турганбай нарын бүрэлдхүүнтэй ажиллаж байлаа.

        Манай салаанд Тэгшээ, Лхагважав, Жаргал, Даваажав, Нэргүй, Хэнбиш, А.Жаргал, Ганзориг, Гончиг, Халтар нарын ажилсаг залуучууд байлаа. 7-р сараас 12 сар хүртэл ажилладаг, өвсөө хадан хурааж тээвэрлэж дуусаад сүрэл боох ажилд гарч түүнийгээ тээвэрлэн суурь бригад, Дархан тэжээлийн цэгт тушаадаг, мөн ч их мундахгүй ажилтай байж дээ. Манай нэгдсэн бригад 4 салаатай ахлагчид нь Дашдаваа, Гонгоржав, Нямаа, Энхтөр гээд бид ажилладаг байлаа. Бригадын дарга Ш.Бадарч, Норовсамбуу дарга нар бид дөрөвт трактор тус бүрд пресс нэг чиргүүл нэгийг зориуд шинээр өгч байсан нь удирдлагын нэг арга барил байсан байх даа. Бид салааны ахлагчийн  цалин авдаггүй, өөрсдөө  боох, хадах, тармах ажлыг хийдэг. Жилийн эцэст бригадын ажилчдын цалингийн 10 хувьтай тэнцэх урамшил өгдөг байсан билээ.

Атрын аянд олон жил хамтран зүтгэсэн найз

2-р бригадын дарга агсан Д.Дашдаваагийн хамт

 

     Энэ газраас алдар цуутай олон тариаланчид төрөн гарсан.

     Хөдөлмөрийн баатар Эрхэмбаяр, Улсын олон удаагийн аварга комбайнч Ж.Батхүү, Гомбоо, Дамба, Загдаахүү, Сүхбаатарын одонт ахмад тариаланч Дашваа, Лайпуз, Жадамба, Максим, залуу комбайнч улсын олон удаагийн аварга Д.Пүрвээ, Алтан гадас одонт Н.Бямбаа /шар/, улсын аварга Түмэндэмбэрэл, Чулуун, Х.Шуурай, эмэгтэй комбайнч Үдвээ, трактораараа олон удаа баатарын болзол хангаж байсан Х.Алтангэрэл /ослоор нас барсан/ идэвхи зүтгэлээрээ олны талархал хүлээж байсан комбайнч Долгорын Цоодол /хар/, улсын аварга Дашзэвэгийн Дашдаваа, комбайнч Л.Баатар, Л.Дондог, Г.Очир, Цэдэндорж, Төмөрхүү, Наадам, тариаланчдыг амт чанартай хоолоор үйлчлэх ажилд мэргэшсэн олон жил тариаланчдыг даган ажилладаг байсан тогооч Пагма гуай, Даваа гуай нарын хүмүүс ажиллаж байсан даа. Харамсалтай нь эдгээр хүмүүсийн ихэнхи нь одоогоор алга даа. Энэ их урт хугацаанд түр хугацаагаар ажиллаж байсан, удирдах ажил хийж байсан хүмүүс олон байсан л даа.

       Тэр бүгдийг хожуу хойно өвгөн насандаа сэтгэж ядан бичнэ гэдэг хэцүү юм л даа. Зарим тодорхой хүмүүсийг гомдоох явдал  гарч л байгаа байх даа.

      Ийнхүү 1960 оноос 1987 он хүртэл тракторч комбайнчны мэргэжлээр тасралтгүй  28 жил 1987-1992 онуудад хадлангийн бригадын дарга, байгаль хамгаалагч зэрэг ажлыг хүлээн авч нэр төртэйгээр ажил үүргээ гүйцэтгэн төр улсдаа 33 жил ажилласан миний бие 1992 оноос ахмад настны тэтгэвэрт гарч өдгөө үр хүүхэд, ач зээ нараа харж баясан суугаа билээ.

       / Б.Нямаа гуай 2009 онд Атар газар эзэмшсэний 50 жилийн ойд зориулан бичсэн Дурсамж номоос сэдэвлэн энэхүү нийтлэлийг бэлдсэн бөгөөд уг дурсамж номондоо Доржийн Нямбуу, Халтарын Намсрайжав, Санжаагийн Лхагвасүрэн, Найдангийн Даш, Долгорын Рэнцэнханд, Дагвын Загдаахүү, Гоожнанай буюу Жамьяндорж, Жадамбын Батхүү, Даваагийн Гомбоо, Жамьянгийн Бямбажав,Чанарын Арвага,   Дагвын Загдаахүү, Бямбаагийн Хумааш, Арвагын Хулганаа нарын талаар товч дурдсан байдаг./

Том хүү Н.Нямцэрэнгийн гэр бүлийн хамт

 

Мэдээллийг бэлтгэсэн: Сумын ЗДТГ-ын мэргэжилтэн  Д.Өнөржаргал

Сүүлд нэмэгдсэн мэдээ